Шүлхий өвчнөөс сэргийлэх “Арриах-вак” вакцин оруулж иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-26 15:19:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын ФГБУ ВНИИЗЖ” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн тосон хүчлүүрт “Арриах-вак” вакцины 2 сая 500 мянган тун энэ сарын 22-нд иржээ.


Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины чанарын тухай Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн Баталгаажуулалтын албаны дарга, ахлах шинжээч С.Өсөхгэрэлийн ярьсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.


-Шүлхий өвчнөөс сэргийлэхэд хэрэглэдэг вакцины чанарын талаар мэдээлэл өгнө үү?

Өнгөрсөн онд ОХУ-ын ФГБУ ВНИИЗЖ” Бүх холбоотны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төв буюу бидний хэлж заншсан Владимирийн хүрээлэнгээс 5 цуврал, 14 сая 100 мянган тун вакцин хүлээн авч сорилт шинжилгээ хийсэн. ОХУ-ын стандарт, манай улсын малын эмийн фармакопейн өгүүллийн дагуу 9 үзүүлэлтэд чанарын сорилт, баталгаажуулалт хийсэн. Өнгөрсөн бямба гарагт “ФГБУ ВНИИЗЖ” малын эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн "Арриах-вак" вакцины 2 сая 500 мянган тун ирсэн. Энэ вакцинд сорилт, шинжилгээг нь хийж байна.


Манай улс 2009 оноос 4 улсын 7 нэрийн шүлхийн вакцин хэрэглэж байсан. Харин 2016 оноос “Арриах-вак” тосон хүчлүүрт вакциныг хэрэглэж байна. Энэ нь ОХУ-ын чанарын тохирлын гэрчилгээтэй, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22, 23-р зүйл заалтыг хангасан, чанартай, баталгаажсан бүтээгдэхүүн юм.



-“Арриах-вак” вакциныг малд тарихад дархлаа хэр тогтох вэ?  

Энэ вакциныг малд тарьснаас хойш 6 сарын дархлаа тогтох боломжтой. Технологийн хувьд тосон хүчлүүрт буюу сүүлийн үеийн арга технологиор хийсэн. Вакцины хувьд аюулгүй, дархлааг сайн /эсийн/ өдөөдөг, тогтвортой, чанарын хувьд баталгаажсан. Цаашид ч хэрэглэх боломжтой. Ер нь мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэхэд оношилгоо, тандалт, хорио цээр тогтоох, тусгаарлалт, халдваргүйтгэл, дархлаажуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай орны хувьд нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг учир вакцинжуулалтыг бусад аргатайгаа зэрэгцүүлэн хэрэглэж байна.


-Сүүлд ирсэн 2 сая 500 мянган тун вакцины баталгаажуулалтын үр дүн хэзээ гарах вэ?

Тухайн вакцин өөрийн гэсэн шалгах арга, стандарттай байдаг. Ямар аргаар, хэдий хугацаанд баталгаажуулах ёстойг заасан байдаг тул 35-40 хоногт сорилт, баталгаажуулалт хийнэ.


-Баталгаажуулалт хийсний дараа хэрэглээнд нэвтрүүлэх үү?

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хүн, малын эмийг хэрэглэхийн өмнө заавал баталгаажуулна гэж заасан бий. Харин улс оронд гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу шууд хэрэглэх тохиолдол байдаг.



-Танай байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори нь малын эм, бэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд сорилт баталгаажуулалт хийдэг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлдэг. Манай лаборатори жилд 300 гаруй нэрийн 720-730 цуврал бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийж мал эмнэлгийн хэрэглээнд нийлүүлдэг.

相关新闻