"Б.Ринчений нэрэмжит шагнал"-ыг доктор, дэд профессор О.Шинэбаяр хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаярыг "Б.Ринчений нэрэмжит шагнал"-аар шагналаа.
Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисныг нь үнэлж шагнасан бөгөөд шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өгөв.
О.Шинэбаяр 2001-2006 онд “Б.Ринчений хүүрнэл зохиолын уран чадвар” сэдвээр хэлбичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
1996-1997 онд Төв аймгийн Цээл сумын дунд сургуульд монгол хэл уран зохиолын багш, 1997-2001 онд “Цагаан лавай” дээд сургуульд монгол хэлний багш, 2001-2008 онд Улаанбаатарын их сургуульд монгол хэл шинжлэлийн багшаар тус тус ажилласан. 2008 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ахлах ажилтан, 2016-2020 онд Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, 2021 оноос Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Түүний судалгааны нэгэн гол чиглэл нь “Бямбын Ринчен судлал”, Хэрэглээний хэл шинжлэл, Нэр томьёо судлал бөгөөд энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ олон нийтийн эх хэлний боловсролд зориулсан ажил хийж ирсэн. Ялангуяа, Монгол Улсад нэр томьёо боловсруулах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан академич Бямбын Ринчений үүсгэн санаачилсан ажлуудыг уламжлан шинээр харж тодорхойлсон нь “Монгол нэр томьёо судлалын товчоон” УБ.,2014”, /Хамтын бүтээл/, “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үг”, /2019/, “Адилтгалын аргаар бүтсэн монгол нэр томьёо”, /2019/ “Монгол нэр томьёо судлал-90” бүтээлүүдээс нь харж болох аж.