“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” эсээ бичлэгийн уралдааны дүн гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 280 сурагч оролцжээ.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуулийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдэнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний соёл, уламжлалаа нандигнан тээгч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан юм.
Уралдааны тэргүүн байрт Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр, хоёрдугаар байрт Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б. Мөнхзул, гуравдугаар байрт Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ж.Жаргалан нар шалгарчээ. Харин тусгай байрыг Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг нар эзлэв.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдын сэтгэгдлийг сонслоо.
Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр:
Орчин үеийн залуус, манай үеийнхэн Үндсэн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Тиймээс яаж энгийн бөгөөд хүн бүрд хамааралтайгаар хүргэх вэ гэж бодож эсээгээ бичсэн. Үндсэн хуулийн тухай нийгмийн хичээлийг түлхүү заагаасай гэж хүсэж байна.
Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг:
Үндсэн хуулийн талаарх ойлголт манай үеийнхний дунд төдийлөн өргөн дэлгэр байдаггүй. Тиймээс би анхдугаар Үндсэн хуулийг хэзээ хэрхэн баталсан хийгээд дараа дараагийн Үндсэн хуулийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эсээндээ багтаасан. Үндсэн хуулийн талаарх мэдээллийг нийгмийн болон сонгоны хичээлээр зааж, багш нар илүү сонирхолтой мэдээлэл өгдөг байгаасай гэж бодож байна.
Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг:
Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг гэдэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн бүрийн язгуур эрх ашиг хангагдаж, хамгаалагдаж байдаг учир хүн бүр энэхүү хуулийг мэдэж байх ёстой гэж боддог.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэн, амжилт хүсэж, шагналыг нь өнөөдөр гардуулсан юм.