Гадаадад тэтгэлгээр сурах хүүхдүүдэд Ерөнхийлөгч захиа даалгавар өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдаж буй эхний 428 хүүхдийг хүлээн авч уулзан, захиа даалгавар өглөө.
Уг хөтөлбөр нь сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, тэтгэлэг олгож, төгсөөд ирэхэд нь орон нутагт томилон ажиллуулах зорилготой юм. Ерөнхийлөгч захиа, даалгавар өгөх үеэр хөтөлбөрт шалгарсан хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Даваагийн Сарангоо: Би Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийг төгссөн. Цаашдаа Олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцахаар төлөвлөж, МУИС-ийн харьяа бэлтгэлд явж байгаа. Богино хугацаа байгаа учраас бэлтгэл маш шахуу явж байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгээр олдож буй энэ том боломжийг үр дүнтэй ашиглахын тулд хичээнэ. Ерөнхийдөө Сөүлийн их сургууль болон бусад дэлхийн шилдэг сургуулиуд руу хүсэлт илгээхээр төлөвлөж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Тиймээс энэ тэтгэлэгт хамрагдаж буй хүүхдүүдийг өөрсдөө сайн хичээхийг Ерөнхийлөгч захилаа. Бид гадаадад очоод эх орныхоо нүүр царай болох учраас Монголынхоо нэрийг өндөрт өргөж, эв найрамдалтай байж, нэг нэгнээ дэмжиж туслахыг захисан.
Баяраагийн Тэнгис: Эх орны ирээдүйд хувь нэмрээ оруулах энэхүү хөтөлбөрт хамрагдсандаа туйлын баяртай байна. Би нийслэлийн 105 дугаар сургуулийг төгсөөд Олон улсын харилцааны чиглэлээр суралцахаар МУИС-д бэлтгэлээ хийж байгаа. Ерөнхийдөө Европын шилдэг их, дээд сургуулиуд руу хүсэлт илгээхээр төлөвлөж байна. Хүссэн мэргэжлээрээ төгсөж ирээд эх орондоо дуртай ажлаа хийж, сэтгэл хангалуун амьдрах нь миний ирээдүйн зорилго. Гадаадад их, дээд сургууль төгсөж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай гэсэн захиасыг ч Ерөнхийлөгч өнөөдөр өглөө.
Батзулын Анужин: Би 52 дугаар сургуулийг төгссөн. Одоо МУИС-ийн бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа. Бэлтгэл хөтөлбөр богино хугацааных тул хөтөлбөр маш шахуу байгаа. Бэлтгэл хөтөлбөрөө төгсөөд Банк, санхүүгийн чиглэлээр Австралид сурахаар төлөвлөж байна. Энэ мэргэжлээр сурснаараа эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байгаа.
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд шилдэг оюутан, сурагчдад тэтгэлэг олгож, урамшуулах зарлиг гаргасан. Уг захирамж нь хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тодруулбал, тухайн жилийн ЭЕШ-д сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг сурагчийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах үүднээс дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх юм. Улмаар бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгохоор тусгасан билээ.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн юм.