З.Батбаяр: Хөвсгөл нуурт тулгамдаж буй бүхэн Монголын бүх нуурын асуудал юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-25 16:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний чуулган”-д оролцсон төрийн байгууллагын удирдлага, олон нийтийн болон орон нутгийн зарим төлөөлөгчийн хэлсэн үг, саналыг хүргэж байна. Оролцогчдоос гаргасан саналыг тус чуулганаас гаргасан зөвлөмжид бүрэн тусгасныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэж байв.


Усны судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн зөвлөх Д.Чандмань, “Одоо бидэнд Хөвсгөл нуурыг хамгаалах Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас гаргах, мөн чуулганаас гаргасан зөвлөмжийг бодит ажил болгон хэрэгжүүлэх үлдлээ. Мөн Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг олон улсын анхаарлын төвд оруулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд Дэлхийн усны форумд Хөвсгөл нуурын хамгаалалтыг хөндөн, зөвлөмжид тусгасан судалгааны төвийг Хөвсгөл нуурыг судлах хүрээлэн болгон өргөжүүлж, энд гадаад, дотоодын эрдэмтдийг татан оролцуулж шинжлэх ухааны байгууллага болгох. Мөн хүрээлэн дээр Хөвсгөл нуурын музейг байгуулж, гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүд төдийгүй жуулчдыг татсан төв болгох санал тавьж байна”. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Манай байгууллагаас Хөвсгөл нуурын бүсэд, тодруулбал, Алаг-Эрдэнэ сум болон Ханх тосгонд гамшгийн эрдсэлийн үнэлгээг хийсэн. Ер нь нуурын бүс нутагт ойн түймэр, газар хөдлөлт зэрэг байгалийн эрсдэл их. Та бүхэн мэдэж байгаачлан сүүлийн жилд газар хөдлөлтийн давтамж ихэссэн. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээний бүрэн зураг гаргаж, түүнийхээ дагуу хяналт мониторинг хэрэгжүүлэн ажиллаж байна". 




Усны төлөө иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн З.Батбаяр, “Хөвсгөл нуурын бүсэд ус бохирдуулсны төлбөрөөс 21-хэн сая төгрөг төвлөрүүлжээ. Энэ байдал нь тухайн бүсэд усны болон хог хаягдлын төлбөр, газрын хураамж, татварыг бүрэн авч  чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс ус бохирдуулсны болон хогийн төлбөрийг хуулийн дагуу эхлээд бүрэн хурааж авдаг болъё. Хөвсгөл нуурт гарч буй, тулгамдаж буй бүх байдал Монголын бүх нуурын асуудал юм”.




Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, чуулганаас гарч буй зөвлөмж, түүнийг дагаад төр, засгаас гарах шийдвэр амьдралд нийцнэ гэж харж байгаа. Нутгийн иргэд Хөвсгөл нуураа үеийн үед хамгаалсаар ирсэн учир тэдэн дээр түшиглэн нуурын, бүс нутгийн эко системээ авч үлдэх ажлыг хийх нь чухал байна. Дээр нь Хөвсгөл нуур өөрөө яагаад ариун дагшин байх, бид юуны учир хайрлаж хамгаалах ёстой гэдгийг таниулсан сурталчилгаа их хэрэгтэй байна. Монгол орны хаанаас ч, хэн ч ирсэн энэ талаарх ойлголт нь өндөр түвшинд баймаар байна. Учир нь Хөвсгөл нуураа хамгаалах үйл хэрэг нь  нуураа бид сайн таньж мэдэхээс эхэлнэ.


Хөвсгөл нуур нь цэнгэг усны байгалийн үйлдвэр гэдэг үүднээс бид нуураа хамгаалах учиртай.





Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн гишүүн Ж.Ганбаатар, “Чуулганаас гарч буй зөвлөмжид зөвлөмжийг голлон хэрэгжүүлэгч байгаль орчны иргэний байгууллага, ТББ-уудтай хамтран ажиллах талаар тусгаж буйг талархан хүлээн авч байна”. МБОИЗ-ийн гишүүн “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсайхан, “Хөвсгөл нуурын экосистем дэх сөрөг байдал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс гэхээсээ илүүтэй 100 хувь хүний буруутай үйлдлээс хамаарсан нөлөөлөл байгаа гэдэгтэй бид санал нэгдэх ёстой. Үүнээс үүдэн бид далай ээжээ хамгаалах зорилго, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна”.





НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцын үндэсний зохицуулагч З.Батжаргал, “Бид чуулганаар бүх зүйлийг шинээр хийх бус өмнө нь болж бүтэхгүй байгаа зүйлийг цэгцлэн шийдэх гэж байна. Хөвсгөл нуур маань “Цэнгэг усны байгалийн үйлдвэр” юм. Энэ үүднээс бид асуудалд хандан сөргөөр нөлөөлж буй зүйлийг арилгаж, нуурын хамгаалалтыг сайжруулах учиртай”.

 

相关新闻