Орхончууд зарим асуудлаа шийдвэрлүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон
хэлтэс агентлагийн дарга нар өнөөдөр Улсын тэргүүний Орхон суманд ажиллалаа.
Тэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар иргэд
хөдөлмөрчидтэй уулзалт хийж санал, хүсэлт, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.
Засаг дарга Б.Азжаргалын тухайд томилогдсоноосоо хойш анх удаа сумдад ажиллан, иргэдтэй хийх уулзалтаа Орхон сумаас эхлүүллээ. Учир нь
өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковид цар тахлаас шалтгаалан дээрх ажлыг зохион байгуулах
боломжгүй байсан.
Газар
тариалан, мал аж ахуй, туслах аж ахуй хөгжсөн тус сумынхан тулгамдсан асуудлаа
ярьж тодорхой хариулт авсан юм. Тодруулбал зөгийн аж ахуй эрхэлж буй иргэдийн
нөхцөлийг сайжруулахад анхаарахыг хүслээ. Тус суманд 100 гаруй зөгийн аж ахуй
эрхлэгч байдаг аж. Зун, намрын улиралд хил залгаа аймаг, сумдын нутагт очиж зөгийгөө
тэжээдэг. Тухайн сумдын удирдлагууд болон тариаланчидтай зарим тохиолдолд үл
ойлголцол үүсдэг. Үүнд орон нутгийн удирдлагаас анхаарч холбож өгөх,
нөгөөтэйгүүр зөгийн өвлийн зоорьтой болоход хамтарч
ажиллахыг хүслээ.
Засаг дарга Б.Азжаргал зөгийн аж ахуй эрхлэгчдэд хандан хэлэхдээ: Тулгамдсан асуудлаа багцлах, хийх боломжтой ажлынхаа зураг төсвийг гаргах, одоогоор өвлийн зоорийг Монголын нөхцөлд ашиглаж байгаа эсэхийг судалж саналаа нэгтгээд уулзахыг хүслээ.
Ингээд ХХААГ-ыг уг асуудалд анхаарлаа хандуулж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх
боломж бололцоог эрэлхийлэхийг үүрэг болголоо.
Ахмад
настнууд уламжлалт, бариа заслын эмнэлэг нээж өгөх саналыг тавьсан. Харин ЭМГ-ын Б.Батцэнгэл уг асуултад
хариулахдаа: Эмнэлэг барих боломжгүй. Харин ЭМТ нь дотоод нөөц боломжоо ашиглан
ахмадуудад зориулсан бариа заслын өрөө нээх боломжтой гэв. Нөгөөтэйгүүр ирэх
долоодугаар сараас эхлэн шүдний эмч
хуваарийн дагуу долоо хоногт 1-3 хоног ажиллуулах болсныг мэдэгдэхэд иргэд
талархалтай хүлээн авч байлаа.
Түүнчлэн иргэд ажлын байр нэмэгдүүлэх, хаврын тариалалт болон намрын ургац хураалтад дэм үзүүлэх, боловсон хүчний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэв.
ХХҮГ-ийн дарга С.Энхболд халамжийн асуудал, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн талаар иргэдийн асуусан асуултад хариуллаа. Хаврын тариалалт, намрын ургац хураалтад бүртгэлтэй ажил хайгчдыг татан оролцуулах, хүнсний талонд хамрагддаг иргэдийг ургац хураалтад өдрийн цалин хөлсийг тохироод хамруулах тал дээр судлах зэрэг тайлбарыг өглөө.
Өөр нэг тулгамдсан асуудал нь төрийн албан хаагчийн орон сууц барих
боломжтой эсэхийг тодруулсан. Аймаг, сумын удирдлагууд уг асуудалд тодорхой хариулт
өгөх боломжгүйг хэллээ. Учир нь тус суманд орон сууц барихад мкв–ын үнэ өндөр,
түүнийг худалдан авах боломж хомс, том орон сууц барих болмжгүй гэдгийг
онцолсон. 24 хүртэлх айлын орон сууц барих боломж бий гэдгийг сонссон, үүнийг
УИХ-ын гишүүдэд санал хүргүүлэх, төрөөс орон сууцны бодлого баримтлах ёстой
гэдгийг уламжилна гэлээ.
Иргэд тулгамдсан асуудлаа ярихаас гадна аймгийн засаг даргын гаргасан зарим шийдвэрүүдэд талархалтай хандаж явдгаа илэрхийсэн. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн Дархан хотод төмс, хүнсний ногоо тариалсан иргэд ямар нэгэн зөвшөөрөл болон тодорхой цэг заалгахгүйгээр ногоогоо худалдах боломжийг нээж өгсөнд баяртай байлаа.
Уг шийдврийг цаашид ч үргэлжлүүлнэ, гэхдээ энэ жилээс
эхлэн худалдааны гудамж нээх зорилттой байгаа, тиймээс ногоочид Дархан хотын аль
хэсэгт худалдаа хийх хүсэлтэй байгаагаа урьдчилж мэдэгдэхийг онцолсон..
Мөн
хөрсний бохирдлоос сэргийлж эко бие засах газартай болох асуудлыг тус сумын ИТХ-ын
төлөөлөгчид санаачилга гаргасан. Үүнийг дэмжиж ажиллахыг хүсэхийн зэрэгцээ нэг
дор бүх айл, өрхийг эко бие засах газартай болгох боломжгүй тул нэг хороолол, эсхүл нэг
гудам дахь айлуудыг жишиг болохуйц эко бие засах газартай болгож өгөхийг хүслээ.