Олон улсын бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-11 15:26:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ болон яамны төлөөлөл энэ сарын 7-11-нд ОХУ-д айлчлах үеэрээ Москва дахь Олон улсын бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.  


Монгол Улсын Засгийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан талууд тус биржийн арилжааны дүрэм, хууль эрх зүйн орчин, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд биржээр арилжаа хийхийн давуу тал, мөн бирж дээр нүүрсний зах зээл бий болгох, түүний үйл ажиллагааг хөтлөх, барааны биржийн арилжаа хийх, түүхий эдийн зах зээлийн чиглэлээр туршлага солилцон, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтаар Санкт-Петербургийн Олон улсын бараа, түүхий эдийн биржийн Ерөнхийлөгч Алексей Рыбников тэргүүтэй бүрэлдэхүүн биржийн цахим платформын үйл ажиллагааг танилцуулж, уулзалт болох мөчид өрнөсөн арилжааны явцыг сонирхуулжээ.


УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Сонирхсон асуудлыг үр дүнтэй хэлэлцсэнд талархаад, ОХУ-ын түүхий эдийн биржийг хөгжүүлэх арвин туршлага бидэнд дэм болно. Монголын тал туршлага солилцохын зэрэгцээ биржийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сонирхолтой байгаа. Та бүхэн дэмжиж, иж бүрэн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээснийг УУХҮЯ мэдээллээ. 


Биржийн Ерөнхийлөгч Алексей Рыбников хэлэхдээ, “Бид биржийн арилжаа хөтлөн явуулах, зах зээлийн үнэ тогтоох, шударга тогтолцоо бүрдүүлэх, бараа бүтээгдэхүүний биржийн бус арилжааг бүртгэх чиглэлээр мэдлэг, туршлагаа монгол нөхөдтэй хуваалцахад бэлэн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тус дөхөм болно гэдэгт итгэж байна” хэмээжээ.


ОХУ-ын хамгийн том бараа бүтээгдэхүүний тус бирж 2008 онд байгуулагдан, газрын тосны бүтээгдэхүүн, газрын тос, байгалийн хий, шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий, мод, барилгын материал, эрдэс бордооны зах зээл, түүнчлэн уламжлалт зах зээл /срочный рынок/ дээрх арилжааг зохион байгуулж байна. Мөн бараа бүтээгдэхүүний шударга үнэ тогтоох, ил тод механизмыг бий болгохыг зорьдог аж. 

相关新闻