Сумын сурагчид олимпын спорт авиралтын төрлөөр хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-18 11:23:22

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн бага ангийн сурагчдын спорт авиралтын дугуйлан гуравдугаар сарын 16-наас хичээллэж эхэллээ.

“Сутайн бор” клубт одоогоор Тонхил сумын БС-ийн бага ангийн 20, дунд ангийн 20 нийт 40 сурагч спорт авиралтын дугуйланд хамрагдаж байгаа тухай тус клубээс мэдээлэв. Бага ангийн сурагчдын дугуйлан энэ сарын 16-наас хичээллэж эхэлсэн бол дунд ангийн сурагчид хоёрдугаар сарын 14-ний өдрөөс ерөнхий биеийн тамирын бэлтгэлд гарч, гуравдугаар сарын 12-ны өдрөөс уулын бэлтгэл/кросс/-ээ базааж эхэлсэн байна. 

Түүнчлэн Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль/БТС/ хооронд байгуулсан хамтран ажиллах “Санамж бичиг” хүрээнд спорт авиралтын дугуйлангийн үйл ажиллагаагаа сэргээж  байгаа аж.
Санамж бичгийн хүрээнд  таван чиглэлээр хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна. Тодруулбал,
1.МУБИС-ийн БТС-ийн зааланд Спорт авиралтын дугуйлан ажиллуулах,
2.Спорт авиралтын дасгалжуулагчийг богино, дунд, урт хугацаанд бэлтгэх шинжлэх ухааны үндэслэлтэй “Захиалгат” сургалтын шаталсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
3.Спорт авиралтын өндөр зэрэглэлтэй залуу үеийн тамирчдын дасгалжуулалтын төлөвлөлт, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлох, үнэлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах,
4.Спорт авиралтын тамирчдын бие бялдрын ерөнхий ба тусгай бэлтгэлжилтийн судалгаа, дасгалжуулалтыг боловсронгуй болгох судалгааны төсөл хэрэгжүүлэх,
5.Спорт авиралтыг түгээн дэлгэрүүлэх,сурталчлах чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулахад заал, хана, мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.
Санамж бичиг байгуулснаар МУБИС-ийн БТС-ийн заалны ханыг ашиглан Спорт авиралтын дугуйлан нээх, дасгалжуулагчийн сургалтын хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн үе шаттай хэрэгжүүлэх болон дараа дараагийн бусад ажлууд гараагаа эхлэх бодит боломж бүрдэж буй тухай "Сутайн бор" клубээс мэдээлэв.
相关新闻