Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэнг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-20 12:07:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ээлжит бус их хурал бямба гарагт /2022.03.19/ Тусгаар тогтнолын ордонд болж, холбооны шинэ ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргыг сонголоо.


Энэхүү Их хурлаар МЧБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явууллаа.


Тус холбооны тэргүүний сонгуулиар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн олонхын санал авч Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.



Мөн МЧБХ-ны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.


П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашдаг бөгөөд Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.



Ташрамд дуулгахад, АБХ-ны Удирдах зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг юм байна.

相关新闻