Боксчид “Парис-2024” олимпын шигшээ багт сонгогдох эрхийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-21 11:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо /МБХ/-ноос өнөөдөр насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ий талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөв.


Боксын спортын XX зууны Монгол Улсын манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит УАШТ өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэ удаагийн УАШТ-д нийслэл, орон нутгийн 41 спорт  хороо, клуб, байгууллагын 200 гаруй эрэгтэй, эмэгтэй тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.


Тэмцээнийг Олон улсын боксын холбооны шинэ журмаар зохиох бөгөөд тус тэмцээнийг 40 шүүгч дэнсэлнэ.



Энэ тэмцээнд “Парис-2024” олимпын наадам хүртэл ажиллах шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах гол шалгуур байхаас гадна ирэх 5 дугаар сард Турк улсад болох эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах юм.



МБХ-ны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Монголд ирсэн Кубын дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез УАШТ-ий үеэр шигшээ багийн тамирчдыг сонгоход гол үүрэгтэй ажиллах юм байна. Тэрбээр “Парис-2024” олимпын наадам хүртэл Монголын боксын шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.


Энэ удаагийн УАШТ-д оролцох тамирчдыг чансаагаар нь жагсаахгүй. Харин жиндээ түрүүлсэн тамирчин шигшээ багт шууд сонгогдоно гэж МБХ-ноос онцолсон юм.



相关新闻