МҮОХ “Парис-2024” олимпын мөчлөгт МИАТ компанитай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ үндэснийхээ хэмжээнд салбарын шилдэг компаниудтай олимпын түншлэлийн гэрээ байгуулан ажилладаг.
Энэ хүрээнд “Парис-2024” олимпын наадмыг угтаж Үндэсний агаарын тээвэрлэгч
МИАТ ТӨХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Гарын үсэг зурах ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг,
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч. Наранбаатар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Мөнхтамир болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тив, дэлхийн томоохон тэмцээн уралдаануудад Монгол Улсын тамирчдаа дэмжин ажилладаг. Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага болж, олимпын бэлгэдэл, логог ашиглах албан ёсны эрхтэй болжээ.
Мөн тив, бүс, олимпын наадам болон олимпын эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тамирчдад хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх үүрэг хүлээж байна. Энэхүү хамтын ажиллагааны гэрээ Парисын олимпын мөчлөг дуустал буюу 2024 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.