“Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-03-28 10:29:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармаг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо.


Энэ үеэр Монгол дахь франц хэл, соёл сонирхогч, суралцагчдад франц хэлээр харилцах таатай боломжийг бий болгох зорилгоор оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилсан юм. Мөн франц хэлтэн орнуудын хүнсний бүтээгдэхүүн амталгаа болон олон нийтэд нээлттэй “Шөлний тэмцээн” зохион байгуулав.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, “Цаашид олон улсын соёлын өдрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлд зохион байгуулах урлаг, соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг баталсан. Энэ жил 36 үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Монгол-Францын төвийн захирал Сэлин Мартин Монголын франц хэлтэй иргэд цуглаж, соёлыг түгээж буйгаараа тус үйл ажиллагаа онцлог болж байгаа талаар сэтгэгдлээ илэрхийлэв.

Өдөрлөгийн үеэр УДБЭТ-ын тайзнаа тоглосон “Кармен” дуурийг Улаанбаатар хотын томоохон дэлгэцээр шууд дамжуулж олон нийтэд толилуулсан юм.

Өдөрлөгт сургалт судалгааны байгууллага, аялал жуулчлалын компани, ресторан, төрийн бус байгууллага, франц хэлтэн орнуудын дипломатын төлөөлөгчийн газар зэрэг 40 гаруй байгууллага оролцов. 




相关新闻