Монголын шог зураачид хамтарсан үзэсгэлэнгээ нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Монголын шог зураачдын "Шогч бийр" холбооны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Монгол арт галерейд өнөөдөр нээлээ.
“Шогч бийр” холбоо 2021 оны 10 дугаар сард байгуулагдсан. Шог зураачид “Эмнести интернэйшнл” байгууллагатай хамтран тав дахь үзэсгэлэнгээ ийнхүү гаргаж байгаа бөгөөд уг үзэсгэлэн 1990 оноос хойш тасраад байсан юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, П.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн
Т.Мандир, С,Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, ахмад шог зураач С.Чимэддорж, н.Өлзийбат,
С.Алтангэрэл, н.Хуягт нар болон н.Амарсайхан, М.Амархүү, н.Мянганзам, С.Болд,
М.Моломжамц, Ч.Цэцэгдарь, Р.Гал-Од, Д.Цогт, Н.Оргил нарын 20 гаруй уран бүтээлчийн
100-гаад шог зургийг дэлгэж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгээс хөрөг буюу нөхөрсөг шог, аж байдлын, улс төрийн шог гэсэн төрлөөр туурвисан бүтээлүүдийг сонирхох боломжтой.
Монголын шог зураачдын "Шогч бийр" холбооны тэргүүн М.Моломжамц хэлэхдээ, “Зураач бүр шог зураач байж чадахгүй. Шог зураг бол агуу мэдрэмж байдаг. Монголд шог зураач 30 хүн бий. Энэ удаагийн үзэсгэлэн сэдэвт баригдаагүй, агуулгад хумигдаагүй. Шог зураачид Инээдмийн баярын энэ өдөр эрх чөлөөгөө эдэлдэг. Шог зураачид нийгэмд буй болж бүтэхгүй зүйлийг ард түмэндээ илтгэн харуулах, шүүмжлэх улстөрчдөд сэхээрүүлэх, сануулах дөрөв дэх зурган засаглал гэж хэлж болно” хэмээн тодотгов.
Монголын шог зураачдын холбооноос тус үзэсгэлэнг цаашид тогтмол зохион байгуулах юм. Мөн Нийслэлийн Соёл, урлагийн
газартай хамтран оны шилдэг “Марзан Шарав” уралдаан, “Шог зураачид” ном гаргах,
хотын соёлын талаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.