Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-06 14:42:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. 


УИХ-ын даргын энэ оны нэгдүгээр сарын 31-ний захирамжаар байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын багт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлан, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. 


Тус ажлын баг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон, эдгээр ноцтой нөхцөл байдлууд нь улмаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай байгаа хэмээн үзжээ. Иймд УИХ бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;" болон 3.1.7-д “хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, УИХ-ын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;” гэж заасны дагуу тухайн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж, Хөгжлийн банканд холбогдох асуудлуудыг авч хэлэлцэж, хянан шалгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.


Иймд УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулсан байна. 


Тогтоолын төсөлд хянан шалгах түр хорооны хянан, шалгах ажлын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхойлж, хянан шалгах түр хороог байгуулах үндэслэл, бүрэлдэхүүнийг тусгай, тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тогтоох агуулгыг  тусгасан гурван заалттай байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻