“Хөвсгөл ус суваг” компанид машин механизм хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төслийн хүрээнд нийтийн аж ахуйн “Хөвсгөл ус суваг” компанид машин механизм хүлээлгэн өглөө.
Тус төслийн хүрээнд аймгийн төвийн ахуйн бохир усны цэвэрлэгээг бүрэн шийдсэн, байгаль экологид ээлтэй, үндэсний стандартын шаардлага хангасан бүрэн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжийг 2021 онд барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд ард нийтийн ундны усны хангамж, бохир усны үйлчилгээг хариуцан ажилладаг “Хөвсгөл ус суваг” компанийн хүчин чадал, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд байгаль орчинд бохирдолгүй нүхэн жорлонг соруулах бохир усны автомашин, шугамын засвар үйлчилгээ, лаг боловсруулах технологийн ажилд нэн тэргүүнд шаардлагатай универсал трактор хүлээлгэн өгч байна.
Тус төслөөр нийт 9 аймагт хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх иж бүрэн цэвэрлэх байгууламжийг барьж хүлээлгэн өгч, нийтийн аж ахуйн байгууллагын бие дааж хөгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа онцлогтой.