ХӨВСГӨЛ: Мөрөн нисэх буудал анх удаа олон улсын нислэг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-29 13:52:04

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 29 / МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөвсгөл аймаг дахь Мөрөн олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг ММL616 дуудлагатай E190 маягийн агаарын хөлөг өглөөний 9 цаг 40 минутад буулаа.


Тус чиглэлийн нислэгийн нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх  “Шууд нислэгийг үйлдсэнээр гадаадын жуулчид Монгол Улсад ирэх зардал, хугацаагаа хэмнэж, Улаанбаатар хотоор дамжилгүйгээр шууд Хөвсгөл нуурын эрэгт хүрэх боломжтой бүрдэж байна.


Мөн агаарын тээврийн шинэ гарц нээгдэж, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой” гэдгийг хэлэв.


“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Энэхүү шууд нислэг нь “Монгол -Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой”-г онцлон тэмдэглэв.


Энэ удаагийн нислэгээр  БНСУ-ын 97 аялагч хоймор нутагт ирлээ. Дараагийн нислэгийг  8 дугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байгаа юм байна.

 


 

 

 

相关新闻