“Ид шидийн орон-3” ордон Дундговьд сүндэрлэх үү?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-12 16:33:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Лантуун дохио" ТББ-ын баг өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа.

Тус ТББ-аас “Ид шидийн орон” жишиг төв байгуулах төслийн уралдааныг 21 аймгийн дунд нээлттэй зарлаж, Дундговь аймгийн "Гэрэлтдэг ертөнц" ТББ-аас материал хүргүүлэн, төслийн шалгаруулалтын эхний 2 шатанд тэнцэж, сүүлийн шатны шалгаруулалтад ийнхүү оролцож байгаа юм.

Дундговь аймгийн хэмжээнд хүүхэд хүмүүжил, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээтэй байгаа энэ цаг үед "Ид шидийн орон-3" жишиг төв байгуулах төслийн уралдаан зарлагдаж, “Гэрэлтдэг ертөнц” ТББ-аас санаачлан аймгийн ЗДТГ, Төрийн өмчит компаниуд, хувийн хэвшил, ТББ, сайн дурын идэвхтнүүд, иргэд тал талаасаа нэг баг болон энэхүү төслийн шалгаруулалтад оролцож байгаа нь “Оролцооны хамгийн сайн” жишээ болж байна.

Энэ нь хүн бүрийн сэтгэлд “хүүхэд” асар том орон зайг эзэлж, тэдний сэтгэл зүрхэнд хойч үе, үр хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх хүсэл байдгийн нэгэн жишээ юм.

"Лантуун дохио" ТББ-ын баг тус аймагт ажиллахдаа аймгийн удирдлагууд, төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр санаачилсан ТББ, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл, төслийг дэмжин оролцогч төрийн өмчит компаниудын төлөөлөлтэй уулзаж, “Ид шидийн орон” ордныг барих газар, дэд бүтэцтэй танилцаж, “Гэрэлтдэг ертөнц” төвөөр зочилжээ.  

Уулзалтын үеэр Дундговь аймгийн хүүхэд хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, хамтын ажиллагаа, төр, ТББ, хувийн хэвшлийн оролцоо, цаашдын тогтвортой үйл ажиллагааны талаар "Гэрэлтдэг ертөнц" ТББ, хамтран оролцогчдын багаас танилцуулга хийж, "Лантуун дохио" ТББ-ын багийн гишүүд хэд хэдэн зүйлийг асууж тодруулсан юм.

Тухайлбал, “Ид шидийн орон-3” ордон барихад дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх, үйл ажиллагаа нь эхлэхэд урсгал болон бусад зардал, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдэх, тогтвортой байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлын хүрээнд асуулт тавьж, харилцан ярилцсан.  

Дундговь аймгийн удирдлагуудын зүгээс тус төвийг байгуулахад 100 хувь дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд цаашид дэд бүтэц байгуулахад шаардагдах материалын зардал, ажиллагсдын цалин, урсгал зардлыг төсөвт суулгах замаар шийдвэрлэнэ гэдгээ танилцууллаа.

Энэхүү ордныг барихад цэвэр, бохир ус, гэрэл, цахилгаан, дулаан, харилцаа холбооны дэд бүтцийг байгуулахад Дундговь-Ус ОНӨААТҮГ, Дундговь Цахилгаан түгээх сүлжээ салбар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн салбар зэрэг төрийн өмчит компаниуд ажил үйлчилгээг төлбөргүй гүйцэтгэж оролцохоо илэрхийлсэн бөгөөд барилгын материал үйлдвэрлэгч орон нутгийн компаниуд бүтээгдэхүүнийхээ үнэд хөнгөлөлт үзүүлэхээ албан бичгээр ирүүлжээ.

Түүнчлэн аймгийн иргэдийн дунд энэхүү ордны бүтээн байгуулалтад ямар хэлбэрээр оролцох тухай санал асуулга явуулахад 29 цагийн дотор 1315 иргэн, аж ахуйн нэгж оролцож, ажиллах хүч, мөнгөн дэмжлэг, оюуны хөрөнгө оруулалт, эд материалын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

“Ид шидийн орон” жишиг загвар барих төслийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалтад, Дундговь, Дорноговь аймаг үлдсэн байгаа ба "Лантуун дохио" ТББ-аас аль аймагт энэхүү ордныг барих шийдвэрээ удахгүй танилцуулах ажээ.  

相关新闻