ДУНДГОВЬ: Залуу малчид газрыг нөхөн сэргээх, хамгаалах арга туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-16 17:22:20

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/ Монгол Улсад 2026 онд зохион байгуулах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум 6 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Дундговь аймагт болж байна.

 

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицулагч Яап Ван Хиердэн, COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н.Чимгүүндарь, Шинжлэх ухааны академийн судлаачид, ГХЯ болон Ханнс Зайделийн сангийн төлөөллүүд, Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Дорноговь аймгийн малчдын төлөөлөл 100 гаруй залуус форумд оролцож байна. Тэд Монгол орны цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд өөрийн хуримтлуулсан сайн туршлага, цаашдын хамтын ажиллагаа, боломжуудыг хэлэлцэж байна.


Говь, хээрийн бүсийн газрын доройтол, цөлжилт нь байгаль орчны тулгамдсан асуудлын нэг болоод буйг залуу малчдын анхаарлын төвд оруулах, шийдвэрлэх гарц гаргалгааг олох зорилготой тус форумыг орон нутагтаа зохион байгуулж буй Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуунд НҮБ-ын суурин зохицуулагч талархал илэрхийллээ.


Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун форумын нээлтэд хэлсэн үгэндээ, “Тус форумын үр дүнд залуу малчид өөр хоорондоо туршлага, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй санал солилцон газрыг нөхөн сэргээх, бэлчээр хамгааллын зохистой шийдлүүдийг хэлэлцэн Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн суурь болох бэлчээрийг сайжруулахад тулгарч буй сорилтуудын шийдлийг олж, залуу малчдад газрыг нөхөн сэргээх, хамгаалах арга туршлагаа хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа болно гэдэгт найдаж байна” гэлээ.


Форумын 2 дахь өдөр төлөөлөгчид Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах “Аравжих төгөл”-д мод тарих ба “Цөлжилттэй тэмцэх залуусын оролцоо-Амлалт тунхаглалыг хамтдаа боловсруулна.

                                                                                                                                                                                      Э.Мөнхжаргал

相关新闻