"Рио-2016"-д Монгол тамирчдын гарааг Ц.Цогтбаатар эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭБразил улсад ирэх баасан гарагт эхлэх “Рио-2016” олимпийн наадамд хүч, ур чадвараа сорих Монголын баг тамирчдын олимпийн дэвжээнд гарах зам мөрийг манай жүдочид эхлүүлнэ.
Риогийн олимпийн жүдо бөхийн тэмцээн наймдугаар сарын 6-нд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаанаар эхэлж, тухай жингийнхээ олимпийн медальтнуудыг тодруулдаг онцлогтой билээ.
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Аврагч” техник спорт клубын тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглож баг тамирчдынхаа амжилтын салхийг хагалах юм. Энэ жил Дэлхийн аварга Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг ялж Монгол Улсын аварга болсон залуу жүдоч ОУХМ Ц.Цогтбаатарт итгэл найдвар тавьж, олимпийн наадамд зодоглох эрхийг өгсөн. Тэрбээр итгэл дааж монгол түмнээ баярлуулах биз ээ.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг барилдана. М.Уранцэцэгийн хувьд дэлхийн чансааг жиндээ тэргүүлж яваа, өнөө цагийн шилдэг бөх. Түүнээс монголчууд медаль хүлээж байгаа бөгөөд олимпийн аварга болох эсэхийг тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг хэмээн сэтгэл догдлон суугаа монгол түмний буян заяа ивээх болтугай.
Д.Өлзий