Триатлончид улсын аваргуудаа тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТриатлоны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгий нуурт долдугаар сарын 29-31-нд болж шилдгүүдээ тодруулав.
Энэ удаа хот, хөдөөгийн 70 гаруй тамирчин тэсвэр хатуужлаа сорин өрсөлдсөн бөгөөд энэ нутагт тус тэмцээн тав дахь жилдээ болж байна. Тэмцээн багийн буухиа, акуатлоны төрлийг нэмж, сонирхогчдын насны ангиллыг олон болгосон нь онцлог байв.
Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Итали улсын иргэн 52 настай Лучиано Космо, “Хангарьд” клубийн тамирчин 49 настай П.Гантулга нар байлаа. Эрэгтэйчүүдийн элит төрөлд “Хангарьд”-ын Ч.Гансүх түрүүлж аваргын алтан медалийн эзэн болов. Энэ тамирчин анх 2006 онд аваргалж байжээ.
Эмэгтэйчүүдийн элит төрөлд “Хангарьд”-ын Э.Сүрэнням алтан медаль хүртсэнээр спортын мастерын болзол хангав. Элит төрөл нь 600 метр усанд сэлж, 10 км дугуйгаар, таван км гүйж барианд ордог.
Тэмцээний дүнг сонирхуулбал, Эрэгтэй элит-13 тамирчин 1.Ч.Гансүх (Хангарьд) 2.Х.Одгэрэл (Хилчин) 3.М.Төрболд (Хангарьд) тус тус эхний 3 байрт шалгарлаа. Харин мэгтэй элит төрөлд 5 тамирчин өрсөлдөж 1.Э.Сүрэнням (Хангарьд) 2.С.Санчирмаа (Хангарьд) нар тэргүүллээ. Хөвгүүдийн төрөлд 14 тамирчин оролцсоноос 1.Э.Саруулбуян (Хүч) 2.М.Төрболд (Хангарьд) 3.Б.Баяр (Хүч) нар эхний 3 байрт орлоо. Багийн буухиа төрөлд 1.Хангарьд I баг 2.Хилчин спорт хороо 3. Хангарьд III баг тус тус шалгарсан байна.
Д.Өлзий