Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-19 11:21:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг гаргах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” Говь-Алтай ОНХХ хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 35 эцэг эх, Есөнбулаг сумын гурав болон дөрөдүгээр сургууль, 7, 10-р цэцэрлэгийн багш нарыг хамруулсан байна. 

Мөн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ариунсанаа “Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах” талаар харилцан ярилцаж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх карт ажиллуулж, сургалтыг сонирхолтой явуулсан тухай оролцогчид сэтгэгдлээ илэрхийлэв. Түүнчлэн “Дэлхийн зөн Монгол” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан Загалмайн хорооноос “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн танилцуулга, хүүхдийн сайн сайхан байдал”, “Хүүхдийн байнгын асаргаа тогтоох жагсаалт шинэчлэгдсэн журам, хүүхдийн салбар комиссын 2021 оны тайлан”,  “Гэрийн нөхцөлд хүүхдээ хэрхэн асрах, тоглоомын аргаар хүүхдэдээ дасгал хийх”, “Сэтгэл зүйн ерөнхий ойлголт, сэтгэл гутрал түүнийг даван туулах арга” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэсэн юм. 

Мөн сургалтад Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл хамтран ажиллаж, орон нутагт бэлтгэгдсэн гоо сайхны мэргэжлийн артистуудын үйлчилгээний эрхийн бичгийг сургалтад хамрагдсан эцэг эхчүүдэд бэлэглэсэн ба дөрвөн ээжид гоо сайхны цогц үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 198 хүүхэд байна. Тэдний 121 нь эрэгтэй, 77 нь эмэгтэй байгаа бол 174 нь нийгмийн халамжийн сангаас асаргаа авдаг байна. Тэдний өвчний төрлөөр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 12, сонсгол 11, хэл яриа 12, хөдөлгөөн 57, сэтгэц 26, хавсарсан бэрхшээлтэй 80 хүүхэд байдаг аж. Эдгээр хүүхдүүдийн 16 нь СӨБ буюу цэцэрлэгт хамрагдаж байгаа бол Ерөнхий боловсролын сургуульд 111, тусгай сургууль, цэцэрлэгт 5 нь сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд хамрагддаг байна. Харин 3 хүртэлх насны 17 хүүхэд, хүнд өвчтэй гэрийн асаргаанд байдаг 49 хүүхэд байна. 

相关新闻