Я.Эрдэнэсайхан: ЖДҮДС-гийн зээлээс 16 тэрбум төгрөгийг 2020 онд төлүүлсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо өнөөлөр хуралдаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын багийн мэдээлл сонслоо.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ дагуу ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газраас уул уурхайн томоохон компаниудын худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий 14 уул уурхайн үйлдвэр эрхлэгчид хамтран ажиллах албан тоот хүргүүлжээ. Мөн хүрээнд “Оюу толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзсан гэдгийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021”, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021”, “Улаанбаатар түншлэл-2021”-ээс гадна олон улсын форум, үзэсгэлэнг цахимаар болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 570 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, гурван тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилт олгох хуваарь болон зээл олгох салбар чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулахаар ажиллаж байна гэлээ.
Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих, орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургууль, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулжээ. Ажлын багаас үндэсний болон орон нутгийн кластеруудын өрсөлдөх чадварын судалгаа, кластерын ангилал тодорхойлох аргачлал тодорхойлох шинжилгээг хийж, судалгаанд үндэслэн кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, кластерын ангилал тооцох журмын төслийг боловсруулсан гэж мэдээллээ.
Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18 000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид олгожээ. Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмж үргэлжлүүлэн олгох, зээлийн зориулалт, зээлдэгчид тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодотгосон юм.
Ажлын багийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, "Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил бид том сорилтыг тууллаа. Зарим улс энэ үед дотоодын үйлдвэрлэлээ сэргээсэн, хөгжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Хил, гааль хаалттай байсан энэ цаг үед импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд хөгжсөн байх. Манай улсад чухам ямар чиглэлийн үйлдвэрлэлээ сэргээж чадав" хэмээн лавласан. Тэрбээр, "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийг банкаар дамжуулан олгох систем бүрдсэн байгаа. Цаашид санхүүжилтийн асуудлыг ямар замаар явуулбал зохилтой вэ. Донор орнуудаас хэрэгжүүлж байсан зорилтот хөтөлбөрийг судалж, үндэсний хэмжээний зорилтот хөтөлбөрийг баталж, банкны системтэйгээ тохиролцоонд хүрч, батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэрээр ЖДҮ-ийг дэмжих эх үүсвэр нэмэгдэх бололцоо байна гэж харж байна. Энэ талын тооцоо судалгаа байна уу" хэмээв.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, "Цар тахлын улмаас хил, гааль хаасантай холбоотой дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагыг бид судалсан. Ингэхэд төрөөс дэмжлэг авсан салбарууд нэлээд хөгжсөн байна. Монгол Улсын хувьд энэ хугацаанд хүнс үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээ илүү хөгжиж, орлого нь нэмэгдсэн байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох хоёр зам бий. Нэг нь банкаар дамжуулах, нөгөө нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан олгох. Олон улсын туршлагаас харахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан буюу энэ бүтэцээр дамжуулж банкны өндөр шалгуурыг хангахгүй гарааны бизнес эрхлэх гэж буй хүмүүст тодорхой дэмжлэг олгодог юм байна. Арай томоохон хэсэг буюу банкны шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгжүүд банкаар дамжуулан зээлээ аваад явж байгаа. 10 их наядын хөтөлбөр олон гарааны бизнес эрхлэгчийг хаалгаа барихаас хамгаалж чадсан. Бид энэ хоёр замаар зээл олгож явах нь зөв гэж харж байгаа. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг том компаниудтай холбох, тэдний түүхий эдийг бэлтгэх, зарим үйлдвэрлэлийн дамжлагыг гүйцэтгүүлэх асуудлаар эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийсэн. Кластер гэдэг ойлголт манай оронд шинэ зүйл байгаа. Бид солонгос, японы кластерын хуулийг, мөн амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлдгийг судаллаа. Сурагчийн дүрэмт хувцсыг манай улсад нэг компани үйлдвэрлээд, маркетингээ хийгээд борлуулалтаа хариуцаад явдаг бол япон, солонгост эсгүүрийг нэг компани, нэг нь зах, нөгөө нь ханцуйг нь оёод, өөр нэг нь савлаад, бас нэг нь маркетинг хийх мэтээр 6-7 компани хамтран ажиллаж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний нэгж хугацааны өртөг багасч, үр ашиг нь нэмэгддэг байна. Энэ бүтцийг монголд оруулж ирэхээр судалж байна. Кластерыг тооцох аргачлалыг эхлээд холбогдох яам батална, дараа нь эх суурь нь тавигдана. Одоогоор журам боловсруулсан байгаа. Удахгүй ажил хэрэг болно гэж бодож байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн үлдэгдэл, эргэн төлөлтийн талаар тодруулсан.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, "Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 оны наймдугаар сард байгуулагдсанаас хойш Хууль, тусгай активын хэлтсийг байгуулж, таван албан хаагчтайгаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Сангийн хувьд өнөөдрийн байдлаар 254 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. 2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 оны 16 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа дэд хорооноос Байнгын хорооны тогтоолыг боловсруулж, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөхөөр тусгажээ.