Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум ногоон хөгжилд чиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-01 12:47:15

Зүүн хойд Азийн хотуудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум” –аар энэ онд ногоон хөгжил, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оноос эхлэн зохион байгуулах болсон уг форум энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд Зүүн хойд Азийн 20 гаруй хотын удирдлагууд оролцохоор бүртгүүлсэн байна. Тухайлбал, ОХУ-аас 10, БНХАУ-аас 9 хотын удирдлага оролцоно. Мөн Унгар улсын Будафешт хотын дарга хүндэт зочноор оролцох юм.

Форум “Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлого”, “Цахилгаан, дулаан болон хийн хангамж”, “Эрчим хүчний хэмнэлт, хэрэгжүүлэх арга зам, урамшууллын тогтолцоо” гэсэн гурван хэсгээс бүрдэх аж. Мөн форумын үеэр Чингисийн талбайд “Хотын ногоон шийдлүүд-2016” үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи зэрэг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулах аж.

Хотын дарга нараас гадна БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс ирүүлсэн мэдээгээр НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг”, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻