Зарим аймагт мал бэлчээх боломжгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийт нутгийн хэмжээнд
өнгөрсөн 7 хоногийн байдлаар 30 хувьд ногоо цухуйгаагүй, мал бэлчээрлэх
боломжгүй байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн
хүрээлэнгээс гаргасан тойм мэдээллээр Булган, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын аймгийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв,
Өмнөговь,Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна. Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв,
Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар дунд буюу ургамал оройтож
цухуйсан байна.
Харин Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь,
Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Дорноговь,
Сүхбаатарын зарим нутгаар тааруу буюу
ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна.
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилд тогтвортой өсөж, өнгөрсөн оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа ч бэлчээрийн боломжит даацаас 2.5 дахин хэтэрчээ. Мөн бэлчээрийн ачааллыг 33 хувиар нэмэгдүүлэн бэлчээр, тэжээлийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байна Энэ нь цөлжилт эрчимжих, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурахад сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна.
Энэ талаар өнгөрсөн 7
хоногт болсон “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт,
анхаарах зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлгээгр
хөндсөн юм. Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-наас АХБ-ны
дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хоршоонд суурилсан тогтвортой ХАА-н үйлдвэрлэл”
төслийн хүрээнд Бодлого судлалын төв, ХААИС-ийн Мал аж ахуйн биотехнологийн
сургууль хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, МХЕГ, Бодлого судлалын төв, 21 аймаг, нийслэлийн
Мал үржлийн албаны дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.