Соёлын төвийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар энэ өдрүүдэд Баян-Уул, Хөхморьт, Жаргалан суманд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгуулж, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулан иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.
Тухайлбал, Баян-Уул сумын тухайд 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн Соёлын төвийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн 160 хүүхдийн ортой дотуур байрны ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэгч компани сонгогдсон бөгөөд барилгыг 2023 онд хүлээлгэж өгөхөөр гэрээ хийсэн бол Төвлөрсөн халаалтын системийн ажлыг 2022 оны есдүгээр сарын 10 гэхэд хүлээн авахаар гэрээнд тусгажээ.
Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэл болох "Боловсролын чанарыг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумын ОНХС-гийн 56 сая төгрөгөөр багш, сурагчдын сургалтын үйл ажиллагаанд зориулан техник, тоног төхөөрөмж олгох ажил хийхээр болсон байна.
Харин Хөхморьт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажил 70-80 хувьтай явж байгаа бөгөөд Соёлын төвийн их засварын ажил мөн энэ онд дуусч ашиглалтад орохоор үргэлжилж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ.