НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан баг Хөвсгөл аймагт ажиллав.
Энэ үеэр 2012-2016 онд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал чиглэлээр хэрэгжсэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн тогтвортой байдал болон 2016-2020 онд дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнтэй танилцлаа.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх улс орны хөгжлийн хөтөлбөрийн төслийг аймаг, орон нутгийн удирдлагууд, агентлаг, байгууллагын албан тушаалтнуудад танилцуулж, хүүхэд, гэр бүл, залуучуудын өмнө тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн ерөнхий боловсролын Ирээдүй цогцолбор сургууль, Далайн Элбэрэлт ӨЭМТ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон түүний дэргэдэх хамгааллын нэг цэгийн үйлчилгээний төвөөр зочлон үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүн хүүхдүүдтэй уулзан ярилцаж, санал бодлыг нь сонслоо.