Төв цэвэрлэх байгууламж 72 цагийн зогсолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа.
"Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160 000-180 000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг. Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд лаг шахах 1700 метр далд шугамыг ил болгон шинэчилж, лагийн буцах усны 3800 метр шугамыг угааж, худгийг лайдаж цэвэрлэжээ. Мөн ТЭЦ-ийн үнсний талбайн урд талын нуурын устай, цэвэрлэх байгууламжийн ус нийлэн цаашлан Туул голд нийлдэг байсныг салгасан. Цөөрмийг Bio-Cleaner тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгаа” хэмээн Ус сувгийн удирдах газраас танилцууллаа.
Мөн үеэр Төв цэвэрлэх байгууламжид 72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган засвар шинэчлэлтийн ажлыг хэвийн явуулахыг үүрэг болголоо.
М.Үүрийнтуяа