“Оюутан цагдаа”-гийн тоог нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЖуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Оюутан цагдаа” нарын тоог нэмэгдүүлнэ гэдгийг НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй онцлов.
Тэрбээр өнөөдөр “Оюутан цагдаа”, “Олон нийтийн цагдаа” болон замын хөдөлгөөний “Гэрээт зохицуулагч” нарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ ийнхүү хэлсэн юм.
Нийслэлд 2013 оноос эхлэн оюутан цагдааг ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 150 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа аж. “Оюутан цагдаа” ажиллаж эхэлснээр гадаадын иргэд, жуулчид Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авдаг болсон юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 224 олон нийтийн цагдаа ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хамгаалах тусгай хэрэгсэл, урамшуулал, оюутан цагдаа нарын цалинг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санхүүжүүлдэг аж.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Гэр бүлийн хүчирхийлэл, архидалтыг багасгах зорилгоор цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа нарыг түшиглэн тусгай сургалт сурталчилгаа явуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн осолд хүүхэд, багачуудыг өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургуулийн эргүүл”, “Гэрээт зохицуулагч” нарын ажиллах нөхцөлийг сайжруулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.
Ч.Ариунболд