Гольфчид “Скай ресорт”-д шилдгүүдээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын гольфын холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болно.
“Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфын талбайд болох уг тэмцээн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулах юм. Одоогоор эрэгтэйчүүдийн төрөлд 72 тамирчин, эмэгтэйчүүдийн төрөлд найман тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Харин гадаад улсын тамирчдын тухайд нийт оролцогчдын 30 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ. Тэмцээнд оролцох тамирчдын тухайд 23 болон түүнээс доош хэндикап /давуу байдлын оноо буюу чансаа/-тай, Монголын гольфын холбооны гишүүн байх гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. Гишүүн бус хүмүүс тэмцээнд оролцох хүсэлт гаргаж болох бөгөөд харин хэндикап ангиллын шагналд хамрагдахгүй.
Тэмцээний үеэр маршал ажиллаж дүрэмтэй холбоотой асуудал гарвал тэмдэглэл хийхээр болжээ. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлог нь тэмцээний дундуур зочид болон бусад тамирчид оноо харах боломжтой юм. Эрэгтэйчүүдийн тэмцээн 4 өдөр, эмэгтэйчүүд 2 өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулна.
Д.Өлзий