“Хүрхрээ” лигийн 13 дугаар тойрогт “Гоёо” баг “Арвис”-ыг хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-08-04 10:56:21

МХБХ-ны ногоон талбайд лхагва гарагт "Хүрхрээ" нэгдүгээр лигийн 13 дугаар тойргийн сүүлийн тоглолт "Гоёо" болон "Арвис" багуудын хооронд болж “Гоёо” баг 5:0-ээр хожлоо.

Тоглолтын эхний гоолыг өнөө жил дээд лиг өрсөлдөж буй "Баянгол" клубын тоглогч асан М.Энх-Од найм дахь минутад оруулж "Гоёо" тэргүүлж эхэлсэн. Энэ гоолоос гурван минутын дараа багийн ахлагч Ц.Бат-Оргил тоглолтын хоёр дахь гоолыг орууллаа.

Хэтэрхий эрт хоёр гоол орсон ч эхний үед өөр гоол ороогүй бөгөөд хоёрдугаар үеийн 52 дахь минутад "Арвис" багийн хаалгач П.Бадамсэрээжид эсрэг багийн тоглогчийг торгуулийн талбайдаа алдаа хийн зогсоож, шар хуудсаар торгуулсан. Түүний гаргасан алдааг Г.Даваа-Очир шийтгээн торгуулийн цохилтоос тоог 3:0 болгов.

П.Бадамсэрээжид торгуулийн талбай дахь дараагийн алдаагаа 75 дахь минутад гаргаж, хоёр дахь шар хуудасаа авч талбайг чөлөөлсөн. Харин уг торгуулийн цохилтыг "Гоёо" багийнхан ашиглаж чадаагүй ч А.Хонгорзул 85, П.Энхбилэг 90 дэх минутад гоол оруулан "Гоёо" 5:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

Д.Өлзий

相关新闻