Гадаад паспортын захиалга 30.5 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ сарын 04-нд Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар (УБОӨГ)-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
УБОӨГ -т өнөөдрийн байдлаар 250 гаруй хүн ажиллаж, өдөрт 500 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 120 мянган иргэн гадаад паспорт авсан нь өмнөх оноос 30.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнтэй холбоотойгоор тус газрын гадаад паспортын бэлдэц дуусч байгаа талаар удирдлагууд нь мэдээлэв. Тун удахгүй ХБНГУ-аас гадаад паспортын бэлдэц ирэх тул хэвийн олгох боломжтой юм.
Иргэний бүртгэлийн архиваар өдөрт 400 орчим иргэн үйлчлүүлж, лавлагаа авдаг бөгөөд архивын баримт материалыг хадгалах байр савны хүрэлцээ хангамж тааруу байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Түүнчлэн улсын хэмжээнд хаягийн зөрчлийг цэгцлэх, Иргэний бүртгэлийн хуулийг шинэчлэх шаардлага байгааг ч уламжиллаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газрын удирдлагуудад ойрын хугацаанд хаягжилт, цахим гарын үсэг болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар санал боловсруулж танилцуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангахыг даалгав.
Ч.Ариунболд