Польшийн Гадаад хэргийн сайд З.Рау МУИС-д зочиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-07 08:26:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад албан ёсоор айлчлах үедээ МУИС-д зочиллоо.


Түүнийг МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал С.Должин болон Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Бадамдаш нар хүлээн авч уулзав. Монгол Улс, Польш улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд хоёр орны ард түмнүүдийн найрамдалт харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд Польшийн монгол судлал, Монголын польш судлалын хөгжил хүрээгээ тэлсээр байгааг уулзалтын үеэр талууд онцлон дурдаж байлаа. 


Монголын ард түмэн польш хэл соёлыг хэзээнээс нааш сонирхон судалж ирсэн бөгөөд Монгол улсын их сургууль 1992 онд польш хэлний ангийг нээн элсэлт авч эхэлсэн билээ. 2016 он хүртэл польш хэлний ангийг 87 оюутан төгсөж польш хэл, орон судлаач мэргэжил эзэмшин диплом гардан авчээ. Мөн МУИС Польшийн хэд хэдэн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг  ажлыг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.  Өнгөрсөн жил МУИС болон БНПУ-ын элчин сайдын яам хамтран Монгол улс, БНПУ дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойн хүрээнд “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр улсын парламентын дэд дарга нарын ивээл дор амжилттай зохион байгуулсан. 


Тэнхимийн  сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, польш хэлний ангийг тохижуулах, ном сурах бичгээр хангахад Монгол Улсад суугаа БНПУ-ын Элчин сайдын яам, ялангуяа польшийн үе үеийн элчин сайд нар үнэтэй хувь нэмэр оруулж байгаа талаар МУИС-ийн захирал Б.Очирхуяг мөн онцлон тэмдэглэлээ.  


Уулзалтын төгсгөлд Гадаад хэргийн сайд ноён Збигнев Рау Польш-Монголын харилцаа хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд МУИС-ийн хамт олон үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлээд, БНПУ-ын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд байгуулсан гавьяаг өндрөөр үнэлж МУИС-ийн Захирал Б.Очирхуягт  “Bene Merite Хүндэт Медаль”-ыг гардуулав. 


Ингээд МУИС-ийн хичээлийн II байрны 4 давхарт 2008 онд БНПУ-ын ерөнхийлөгч Лех Качиньски Монголд төрийн дээд айлчлал хийх үед БНПУ-ын ерөнхийлөгч Лех Качиньскид “МУИС-ийн хүндэт доктор” цол олгож байсан үйл явдлыг дурсан ноён Ерөнхийлөгч, хүндэт доктор Лех Качиньскид зориулсан хүндэтгэлийн самбарыг албан ёсоор нээв.

相关新闻