Хөвсгөл аймгийн Ханх сум орчимд дахин газар хөдөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлт өглөөний 10.17 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Үүний өмнө 5 дугаар сарын 30-нд Ханх сум орочимд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Ханх сум
орчимд 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар
хөдөлж байсан юм. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй
чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн
зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард
иргэдэд мэдрэгдсэн билээ.
Манай
улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7
болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй
удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4
удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны
нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх
хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл
430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар
хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот
орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон
түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа
бүртгэгджээ.
Ташрамд
мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн
үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг
баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх
боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай,
арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.