Бурхан багшийн сэрэг дүрийг зээгт наамлаар урлаж шүншиглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн "Бурхан багшийн сэрэг дүр" орон нутгийн өмчит их шүтээн цогцолбор, Жалданжанчүвлин хийдэд ард олны тусын тулд буян номын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан, Монгол Улсын "Уран
хатгамалч" С.Саранцэцэг тэргүүтэй Чанарын хяналтын хэлтсийн ажилтан
О.Жаргал, Ё.Энхмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Ч.Сарантуяа нарын
урласан Бурхан багшийн дүр бүхий зээгт наамлыг шүншиглэж, адислалаа.
Тус бүтээлийг зургаан сарын турш
урлаж, 2019 онд тус хийдэд гардуулж өгч байжээ. Цар тахлын хорио цээртэй
холбоотойгоор ийнхүү 2 жилийн дараа сүсэгтэн олонд толилуулж, шүншиглэж залж
байгаа юм.
Энэхүү Бурхан багшийн дүр бүхий
зээгт наамал нь бурхан урлаач уурхайчин бүсгүйчүүдийн зургаан том бүтээлийн
хоёр дахь нь юм. Бурхан урлаач бүсгүйчүүд анх "Цагаан дарь эх" бурхан
бүтээж, Эрдэнэт үйлдвэртээ бэлэглэж байсан.
Зээгт наамлын онцлог нь торгон дээр зурах нарийн чимхлүүр ур чадвар
шаарддаг ажээ.