Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын загвар төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-17 13:17:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын загвар төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалт Алтай хотноо болж байна. 

Сургалтыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй бөгөөд сургалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр суманд болох юм. Сургалтад сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ЭМТ-ийн эрхлэгч, ЕБС-ийн захирал, Байгаль орчны улсын байцаагчид болон аймгийн төвийн салбарын байгууллага болох ЭМГ, МХГ, БШУГ, БОАЖГ, Хүйсийн говь-цэцэг нууын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.


Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, ЗДТГ-ын дарга Ц.Батзориг нар оролцож, орон нутгаас хүн амын усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллаж, ямар ажлуудыг хийгээд байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат хэлэхдээ: “Орон нутгийн усан хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлыг бий болгоход улсын болон орон нутаг, төсөл хөтөлбөрийн хүрээнд нэлээд ажил хийнэ. Онцолбол:

-Говь-Алтай аймагт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны станц барих ажлыг Солонгосын "Бюксан инженеринг" ХХК гэрээ хийж 2022 оны зургаадугаар сараас ажлаа эхлэн 24 сарын хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өгнө. 

-Алтай хотын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний зураг төсөв хийх ажил Барилга, хот байгуулалтын яамны санхүүжилтээр “Монкузбасс” ХХК гүйцэтгэж байна.

-Есөнбулаг сумын Индэрт, Харзат багийн дулааны шугам сүлжээний тендер зарлагдан гүйцэтгэгч шалгаран ажлаа эхэллээ.

-Аймгийн төвд хоногт 5000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн зураг төсөл хийж байгаа тухай мэдээлэл өглөө.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төсөл арга хэмжээний хүрээнд сумын төвийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг сум бүрт барихаар төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халиун, Дарви, Алтай суманд 2022-2023 онд, харин Бигэр, Тонхил, Цогт, Шарга суманд энэ онд цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах ажээ. Сумдад барих цэвэрлэх байгууламжийг түшиглэн мод үржүүлгийн газар байгуулна гэдгийг ч мөн онцлон хэлсэн юм. 

НҮБ-ын Хүүхдийн сангаас орон нутагт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгааллын асуудалд томоохон хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа үзүүлэхээр 2017 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, “Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр тус аймагт хэрэгжиж эхэлснээс хойш нийт 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 70 орчим бүтээн байгуулалтын ажлууд хийжээ. Тухайлбал, сумын төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгт халуун ус, худаг, ариун цэврийн байгууламж, гэрийн дулаалгын ажлыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлаар, шинэлэг шийдлийг сонгон хийж гүйцэтгэжээ. 


相关新闻