Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-20 10:10:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад хамтран ажиллах чиглэлээр хуралдлаа.


Тодруулбал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад төр-иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалт, дугуй ширээний уулзалтыг зургаадугаар сарын 16-17-нд Алтай хотноо зохион байгууллаа. 

Тус сургалт, уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд холбогдох хууль сахиулах болон бусад төрийн байгууллагуудын мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 30 гаруй төлөөлөл оролцож, жендэр болон жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хохирогч төвтэй хандлага зэрэг сэдвээр ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн юм.

Үүний зэрэгцээ Говь-Алтай аймаг дахь гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, жендэрийн тэгш эрхийг хангах болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэх боломжуудын талаар мэдээлэл хуваалцаж, санал солилцлоо. 

Мөн Завхан, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцож ИНБ-уудын сүлжээ байгуулан ажиллаж нөлөөлөл хийх болон төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага хамтран ажиллах чиглэлд хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцав. Түүнчлэн дугуй ширээний ярилцлагын үр дүнд хууль сахиулах байгууллага, хамтарсан баг болон эрүүл мэнд, боловсролын байгууллагаас ИНБ-тай түншлэх гурван чиглэлд түншлэлийн загвар гарсан бөгөөд оролцогчид тус жишиг загварыг бусад аймагт түгээн дэлгэрүүлэх боломж, төр-иргэний нийгмийн байгууллагууд хамтран цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 аймгийн 68 ИНБ-аас бүрдсэн “Иргэний нийгмийн байгууллагуудын Хамтын хүч түншлэл” Форумын үүсгэн байгуулсан бөгөөд "Амьдралын эрч хүч" ТББ, "Сүхбаатарын Болормаа Сан" ТББ зэрэг тус Форумын Говь-Алтай дахь гишүүн байгууллагууд тус үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. 


Төслийг засгийн газар хоорондын Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд төвлөрч, хохирогчдын эрхийн талаар тэдний болон олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилготой юм.


Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн янз бүрийн эрх зүйн тогтолцоотой 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУЭЗХБ нь 1988 онд байгуулагдсан ба 2001 онд НҮБ-ын ажиглагчийн статустай болсон аж.

相关新闻