ГОВЬ-АЛТАЙ: Хашиж хамгаалсан булгийн урсгалыг түшиглэж хөв цөөрөм байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-05-22 11:18:59

Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэхээр хашиж хамгаалсан булгийн урсгалыг түшиглэж хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлжээ. 


Гадаргын усан хангамжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор булгийн эхийг хамгаалах, урсгал нь сайжирсан булгийг түшиглэж жижиг усан сан, хөв цөөрөм байгуулах ажлын хүрээнд Овоотын булгийн хээрийн сургалтыг тавдугаар сарын 21-нд зохион байгууллаа. 


Сургалтад Монгол Улсын усны зөвлөх инженер, доктор Ш.Баранчулуун, ДБХС-ийн Баруун бүс, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм. 


Говь-Алтай аймгийн Дарви, Шарга сумын зааг нутагт орших Овоотын булгийн эхийн хашаа хамгаалалтыг Дэлхийн байгаль хамгаалах сан шинэ загварын хашаагаар шинэчлэх ажлыг нутгийн иргэдтэй хамтран хийнэ. Мөн Овоотын булгийн урсгалын дагуу газрын хэвгий, тогтцын онцлогийг ашиглаж мал ундаалах зориулалттай 3 жижиг цөөрөм, булгийн хөлд ус хуримтлуулах зорилгоор 50 м орчим өргөн, 2 м өндөртэй шороон далан бүхий хөв байгуулах боломжтой талаар усны зөвлөх инженер, доктор Ш.Баранчулуун тодорхойлж өгөв. Тус ажлыг ДБХС-ийн Баруун бүс болон нутгийн удирдлага, иргэдийн оролцоотойгоор энэ онд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

相关新闻