Хяналт шалгалт хийх саналыг 70 мянгаас олон иргэн дэмжвэл УИХ заавал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-04 17:41:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.


Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа УИХ-ын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болохоор, УИХ шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын баг байгуулах саналыг 33 000 ба түүнээс олон иргэн дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс олон иргэн дэмжсэн бол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу, хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс олон иргэн дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцэхээр тусгажээ.


Түүнчлэн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгажээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, санал дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.

相关新闻