Рио-гийн олимпийн 8 дахь өдөр манай 3 тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын 8 дахь өдөр манай улсаас гурван тамирчин дараах хуваарийн дагуу хүч, ур чадвараа сорино.
Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан уралдаанд өнөө шөнө 01 цагт манай тамирчин Б.Есүй өрсөлдөнө. Тэрбээр олимпийн наадамд оролцож байгаа манай тамирчдаас хамгийн отгон нь бөгөөд 16 настай. Орхон аймагт суралцаж, мөн бэлтгэл сургуулилтаа базаадаг. 6 наснаасаа усанд сэлэлтээр хичээллэж байгаа Б.Есүй ДАШТ, Азийн наадам, дэлхийн цомын тэмцээнд оролцсон туршлагатай.
Өнгөрсөн 5 дугаар сард болсон УАШТ-д 50 болон 100 метрийн өврөөр даллах төрөлд улсын дээд амжилтыг 29,90 секундын амжилтаар шинэчлэн тогтоосон юм. Манай тамирчин 4 дүгээр гараанд Маршаллын Арал, Танзани, Сенегал, Малави, Палестин, Камбож болон Микронезийн арлын тамирчидтай багтсан байна. Тэднээс амжилт үзүүлсэн 3 тамирчин л энэ гараанд багтсан бөгөөд 29 секунд дотор гэвэл ганц тамирчин бий. Иймд манай тамирчин гараандаа гуравт орох зорилттой юм.
Олимпийн нээлтийн ёслолд эх орныхоо төрийн далбааг барьж, шигшээ багийн тугчаар ажилласан Б.Тэмүүлэн жүдогийн шигшээ багийн хамгийн сүүлчийн тамирчны хувиар өнөөдөр үдэш 22 цагт барилдаанаа хийнэ. Б.Тэмүүлэн дэлхийн чансааны 16-р байрт бичигдэж байгаа бөгөөд оюутан байхдаа бүх Японы оюутны аварга болж байсан юм.
Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06:00 цагт боксын 60 кг-д манай тамирчин Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана. Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдсэн.
Түүний өрсөлдөгч Р.Бенбазиз өнгөрсөн жил Африкийн тоглолтын аварга болсон 22 настай боксчин. Хамгийн анх 2013 оны ДАШТ-д оролцож 2 дугаар тойрогт үлдсэн бөгөөд AIBA-гийн клубын системт мэргэжлийн боксын тэмцээн World Series of Boxing-ийн хамгийн шилдэг тамирчдын нэг гэдгээрээ олонд танигдсан. "Алжирын цөлийн харцагууд” багт харъяалагддаг. Тэрээр 2015 онд WSB-д нийт 6 тулаан хийхдээ тавд нь, түүнээс Куба, ОХУ, Украины шилдэг боксчдыг ялсан нь онцлох үзүүлэлт юм. Африктаа сүүлийн жилүүдэд босоо байгаа Р.Бенбазиз энэ жингийн энэ тивийн гол найдвар. Харин манай боксчин Д.Отгондалай түүнд ялах боломж олгохгүй биз ээ.
Д.Өлзий