ЗАВХАН: Малчид тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийг орон нутагтаа хөгжүүлэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-02 17:56:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт байгальд ээлтэй малчид нэрийн дор 200 гаруй малчин оролцсон зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөлтэй хамтран явуулжээ. Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин, мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулсан зөвлөгөөнөөр малчид бэлчээр хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, усан хангамж, малын түүхий эдийн боловсруулалт, малчдын нийгмийн асуудлын талаар хэлэлцжээ.

Зөвлөгөөнд оролцогчдын дунд байгальд ээлтэй, хариуцлагатай малчин гэж хэнийг хэлэх вэ, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхийн тулд бэлчээрийг хэрхэн хадгалж хамгаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх боломжтой гарцуудыг ярилцжээ. Мөн үеэр малчдад бэлчээрийн менежмент, малынхаа тоог бэлчээрийн даацдаа хэрхэн нийцүүлэх, бэлчээр, ус, хадлан, ой, цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өгч оролцогчид бүлэг болж ажиллан санал хүсэлт, шийдлээ нэгтгэж зөвлөмж гаргаад байна.

Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээсээ илүүтэй, малын үүлдрийг сайжруулах. Түүнчлэн бодлогоор малын чанарын асуудлыг анхаарч хамтран ажиллах, бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйгаа эрхлэхийг санал нэгтэй дэмжлээ. Малчид, оролцогчдоос уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон бэлчээрийг ашиглах. Байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүргийг өсгөх. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг төвлөрсөн цэгээр өндөр үнээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажиллагаатай байхыг санал болгоод буй.


Мөн малчин бүр хариуцлагатай байж, байгаль, эко системийн төлбөрийг авдаг, төлдөг малчин бүхий тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийг орон нутагтаа хөгжүүлэхийг энэ үеэр уриаллаа. Завхан аймагт нийт 13869 малчин мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажиллаж байна. Үүнээс 9779 малчин өрх, 4080 мал бүхий өрх байна.

Эдгээр малчдын 49.5 хувь нь 201-999 малтай, 44.9 хувь нь 10-200 малтай, 5.7 хувь нь 1000-аас дээш малтай байна. Тус аймаг нийт газар нутгийнхаа 79.8 хувийг хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг. Нийт газар нутгийн 6.519.9 мянган га талбай нь бэлчээрийн талбай эзэлж буй. бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн 9 сум, зургаан сум, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн 12 сумын 14 баг байна. Энэ жил аймгийн хэмжээнд урьдчилсан тооцооллоор 4054.5 мянган толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг мал бүхий малчин иргэд өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Улмаар бэлчээрийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар малчид болон төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд хамтран зөвлөлдөж чадлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Таваарлаг цөөн тооны малтай байхыг малчдад зөвлөв

2021-2022 оны монгол орны бэлчээрийн даацын судалгааг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас хийснийг малчдад дуулгалаа.

Дээрх судалгаа болон энэ оны Завхан аймгийн зуншлагын байдалд үнэлгээ хийсний дагуу малчдыг өвөлд эртнээс бэлдэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд дунд зэрэг, 20 хувьд муу гэсэн үнэлгээтэй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл тус аймгийн нийт нутгийн 32.5-50 хүртэлх хувь нь бэлчээрийн нөөцтэй, 18.1-51 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. Бэлчээрийн даац гурваас тав дахин хэтэрсэн газар нутаг 6.1 хувь, 18.3 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Зуншлага сайн байсан нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан байна. Ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болжээ. Тиймээс малчид болон зарим сумыг өвс тэжээл хангалттай нөөцлөх, бэлчээрийг сэлгэх, өнжөөх арга хэмжээ авахыг ч мэргэжлийн байгууллагуудаас сануулж байна. Зун, намрын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багууд өвс хадлангаа нэмж бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малынхаа тоог бууруулах ажилд эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одоогоос эхлэн бэлтгэх нь зүйтэй.

Бэлчээрийн даацаа хэтрүүлэх нь байгальдаа ээлгүй хандаж буйн илэрхийлэл. Тиймээс малчид таваарлаг цөөн тооны малыг бэлчээр нутагтаа тааруулж хариулах. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан малаа эдийн засгийн эргэлтэд байнга оруулж байхыг ч малчдын зөвлөгөөний үеэр малчдад зөвлөв. Мөн үеэр аймгийн Засаг дарга 24 суманд үлийн цагаан оготнотой тэмцэх техник хэрэгслийг олгожээ.

相关新闻