ЗАВХАН: Шүүхэд ирсэн иргэний эрх зүйн маргааны өргөдлийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-08 15:40:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Шүүхийн тамгын газрын эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирж буй гэр бүлийн эрх зүйн маргааны өргөдөл өссөн үзүүлэлттэй байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 95 хэрэг маргааныг хүлээн авсан байна. Үүнээс гурван өргөдлийг хүлээн авахаас татгалзсан, найман өргөдлийг өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр буцаан авсан. 69 хэрэг маргааныг шийдвэрлэж, 15 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Өнгөрсөн оны мөн үетэй хүлээн авсан өргөдлийг харьцуулбал, иргэний эрх зүйн маргаан 29 өргөдөл буюу 35 хувиар өссөн. Гэр бүлийн эрх зүйн маргаан гурван өргөдөл буюу 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин хэрэг маргаан шийдвэрлэсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал амжилттай шийдвэрлэсэн хэрэг маргаан 23 хувиар өсжээ.

Татгалзсан өргөдөл өмнөх оны мөн үетэй ижил, өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө буцаан авсан нь таван нэгжээр илүү байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх 345 нэхэмжлэл хүлээн авсан бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 95 өргөдөл хүлээн авснаар шүүхийн ачааллыг 28 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь иргэдэд хамгийн боломжит хувилбараар хэрэг маргаанаа шийдвэрлэхэд тусалдаг ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулдаг.

Эвлэрүүлэн зуучлалыг талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах. Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох гэхчлэн зарчмуудын хүрээнд явуулдаг гэж Завхан дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.

相关新闻