ЗАВХАН: Баянтэс суманд 7200 орчим га газар түймэрт өртөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Баянтэс сумын Цуурайн эх хэмээх газарт 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ой, хээрийн түймэр гарч байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол
учраад байна.
Түймэр ОХУ-ын Тува улс руу хил давж өнөөдрийн байдлаар 7200 орчим га газар түймэрт өртөөд байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид болон төрийн албан хаагч, нутгийн иргэд гээд нийт 320 гаруй хүн ажиллаж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилтын гуравдугаар зэрэг буюу гал түймрийн аюултай түвшинд байгаа. Иймд иргэд ойн сан бүхий нутаг дэвсгэрээс самар, жимс, түүж, мод бэлтгэхгүй байх. Ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах.
Оч баригчгүй автомашинтай зорчихгүй байж, болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.