ЗАВХАН: Түймрийг бүрэн унтраахаар ойг чөлөөлөх ажиллагааг явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Баянтэс суманд
гарсан ой хээрийн түймрийг унтраахаар зогоон татаж, зарим хэсгээр ойг чөлөөлөх
ажиллагааг явуулж байна.
Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 380 км, Тэс сумаас зүүн хойд зүгт 60 км, Баянтэс сумаас хойд зүгт 60 км-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 дүгээр сарын 8-ны өдрийн 15.13 цагт хүлээн авсан.
Үүнээс хойш
аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газрын Гал
түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын
хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр
унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр
унтраах, аврах 41 дүгээр анги, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах
60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Сонгино суман дахь Зэвсэгт
хүчний 274 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түүнчлэн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Баянтэс, Тэс, Асгат,
Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумын мэргэжлийн ангийн алба хаагчид
түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатсан бөгөөд 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар түймрийн голомтод салхи тогтуун, зогоон татаж, зарим хэсгээр ойг чөлөөлөх ажиллагааг явуулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.