ЗАВХАН: Хоёр аймгийн байгалийн цогцолборт газраас 2.6 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-12 17:24:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газрын орчимд цэвэрлэгээ хийж 600 кг орчим хогийг ачиж зайлуулжээ.

Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газрын Мухартын голын сав дагуу болон Улаагчны хар нуурын эрэг дагуух хог, элсэн манхны ариун цэврийн цаасыг түүж, 600 кг хогийг Яруу сумын хогийн цэгт буулгалаа.

Түүнчлэн Хяргас нуурын Байгалийн цогцолборт газрын Үзүүрийн булгаас, Хэцүү хад орох чиглэлийн 45 км газраас 0.5 тонн хог цэвэрлэсэн. Мөн Хэцүү хад орчмоос 1.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж Завхан сумын нэгдсэн хогийн цэг рүү ачуулсан байна.

Хог цэвэрлэгээний ажилд, Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргаа, Увс аймгийн БОАЖГ, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа, Завхан сумын байгаль орчны тасаг, аж ахуйн нэгж байгууллагын ажилчид гээд нийт 36 хүн оролцсон. Увс, Завхан аймгийн нутаг дэвсгэрт орших байгалийн цогцолборт газруудад хийсэн цэвэрлэгээний ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 09 тоот албан даалгаврын хүрээнд явуулж долоо хоног ажиллалаа гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 


相关新闻