ДУНДГОВЬ: НДС-гийн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2022 оны 8 дугаар сарын байдлаар энэ онд аймгийн нийгмийн
даатгалын санд 41.1 тэрбум төгрөгийн орлого орж, 39.6 тэрбум төгрөгийг
зарлагаджээ. Орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.1 тэрбум төгрөгөөр, зарлага
11.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аймгийн НДХ-ийн гаргасан мэдээгээр нийгмийн даатгалд 9470
хүн шимтгэл төлжээ. Тэдгээрийн 22,6 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 41,6
хувь нь төсөвт байгууллагаас, 35,9 хувь нь сайн дураар шимтгэл төлсөн аж.
Өнгөрсөн онтой харьцуулахад төсөвт байгууллагын
даатгуулагчдын тоо нэмэгдсэн, харин аж ахуй нэгж байгууллагын даатгуулагч, сайн
дурын даатгуулагчдын тоо буурсан байна.
Энэ хугацаанд тус сангаас 32.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр
олгосон ба түүний 86,0 хувийг өндөр
настны, 8,6 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 2,5 хувийг тэжээгчээ алдсаны,
2,9 хувийг цэргийн тэтгэвэр эзэлж байна.
8 дугаар сарын байдлаар Тэтгэврийн даатгалын сангаас
тэтгэвэр авагч 8136 иргэн байна. Нийт тэтгэвэр авагчдын 85,0 хувийг өндөр настан,
10,2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2.8 хувийг тэжээгчээ алдагч, 1,9 хувийг цэргийн тэтгэвэр
авагч эзэлдэг аж.
Харин тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авагч 1444, үйлдвэрийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагч 24,
ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авагч 198 хүн байна.
Тухайн сарын байдлаар эрүүл мэндийн даатгалд 12690 иргэн
даатгуулсны 62,2 хувийг төр хариуцсан
бол 30,0 хувь нь малчид, 2,2 хувь нь оюутан суралцагсад, 5,6 хувь нь аж ахуй
нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгч байжээ.
Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр 2021 оны
жилийн эцсийн байдлаар Дундговь аймгийн суурин хүн амын тоо 47542, 20-оос дээш
насны буюу хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн тоо 24000 орчим байна.
НДС-д шимтгэл төлж байгаа иргэдийн тоог хөдөлмөр эрхлэх
боломжтой иргэдийн тоон үзүүлэлттэй харьцуулахад 39 хувьтай байгаа нь
хөдөлмөрийн насны иргэдийн дийлэнх нь НДШ төлөөгүй гэсэн дүгнэлт хийж болох
ажээ.