БАЯН-ӨЛГИЙ: Монгол хадран, шар сугасанд дохио дамжуулагч суулган судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-10 14:35:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаагаа монгол хадран, шар сугасанд дохио дамжуулагч суулгаж, тэдний шилжих хөдөлгөөнийг судалж байна. Уг судалгааны ажлын зорилго, явцын талаар Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяраас тодрууллаа.


-Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Хотон, Хурган нуурт загасанд акустик дохио дамжуулагч суулгаж, шилжих хөдөлгөөнийг нь судлах ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

- Монгол орны баруун бүсийн гол нуур, усан санд монгол хадран, шар сугас гээд 2 зүйлийн загас байдаг. Энэ хоёр зүйлийн шилжих хөдөлгөөн, зан төрх зэргийг судлахаар Шведийн хөдөө аж ахуйн их сургууль, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Ховд их сургууль, Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг байгууллага хамтран 2019 онд энэ ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь цар тахал гарч ажил маань түр завсарласан. 2019 онд бид Ховд голын адаг буюу Хар-Ус нуурт загасанд дохио дамжуулагч хийсэн. Харин энэ жил Ховд голын эхэн хэсэг болох Хотон, Хурган нуурт ирж нийтдээ 60 орчим загасанд дамжуулагч зүүлээ. Мөн 13 хүлээн авагчийг Хотон, Хурган нуур, Ховд голд суурилууллаа.

 

- Энэхүү судалгааны ажлаас ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

 

- Дээрх 2 зүйлийн загас хэр зэрэг хол шилжилт хөдөлгөөн хийдэг вэ, хаана өвөлжиж, хаана зусаж байна, хаана үржил нь явагдаж байна гэдгийг тогтоох үндсэн зорилготой. Үүнийг тогтоосноор бидний судалгаа эдгээр загаснуудыг хамгаалах болон менежментэд нь хэрэгтэй шийдвэрүүд гаргахад шинжлэх ухааны үндэс суурь болох юм.

 

- Судалгааны ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

 

- Энэхүү судалгаа нийтдээ 2-3 жил үргэлжилнэ. Дараагийн жил буцаж ирээд усанд суулгасан хүлээн авагчаа уснаас гарган авч дотор нь хураагдсан мэдээллүүдийг татаж авах юм. Түүнээс гадна загасанд дохио дамжуулагч зүүх, усанд дохио хүлээн авагч суулгах ажлуудаа нэмж хийх төлөвлөгөөтэй байгаа.

 

- Загасанд дохио дамжуулагч зүүхээс өөр ямар төрлийн судалгааны ажлууд хийж байна вэ?

 

- Өнгөрсөн 5 хоногийн хугацаанд 100-гаад загас барьж генетикийн болон морфологийн мэдээ, материал цуглуулсан. Эдгээрийг боловсруулж, загасны өсөлттэй холбоотой мэдээлэл гаргаж авна гэж төлөвлөж байгаа.

 

- Та бүхэн энэхүү судалгаагаа Монгол орны бусад газарт хийж байгаа юу?

 

- Өнөөдрийн байдлаар зөвхөн Алтай Таван богдын байгалийн цогцолборт газарт хийж байна. Бидний дамжуулагч зүүсэн загаснууд магадгүй нүүдэллэж Ховд голоор уруудан хаана ч хүрч болно. Хэрвээ загасчид, иргэдийн барьсан загасны гэдэс дотроос дохио дамжуулагч гарсан тохиолдолд Баян-Өлгий болон Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны удирдлагуудад хүргэж өгөөрэй хэмээн судлаачийн хувьд хүсэж байна.

 

- Загасанд дохио дамжуулагч суулгаж судалсан туршлага өмнө нь манай улсад байсан уу?

 

-Загасанд дохио дамжуулагч суулгаж судлах ажил өмнө нь манай улсад хийж байсан. Тухайлбал, Америк болон Монголын эрдэмтэд хамтарч Хөвсгөл нуур болон Онон голд олон жилийн судалгааны ажлуудыг хийсэн байдаг юм. Бидний ажил монгол хадран, шар сугасанд дохио дамжуулагч суулгаж судалж байгаагаараа онцлогтой.

 

- Монгол хадран, шар сугасанд анх удаа дохио дамжуулагч суулган судалж байна гэж ойлгож болох уу.

 

- Тийм ээ, анх удаагаа суулгасан.

 

-  Мэдээлэл өгсөнд баярлалаа.









相关新闻