Б.Нургулан: Баян-Өлгий нийт нутгийн 85 орчим хувь гандуу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
-Энэ зун Баян-Өлгий аймгийн нутагт хур бороо бага, гандуу байсан учраас өвөлжилт хүндэрч мэдэх нь гэж малчин түмэн ярьж байна. Аймгийн хувьд бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Аймгийн Онцгой комиссын хуралд энэ өвөл манай аймагт өвөлжих болон эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоо, шаардагдах тэжээл, бэлчээр ургалтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Манай аймагт 2.8 сая толгой мал намаржиж, 720 мянган төл бойжиж байна. Ноднин жил 2,1 сая толгой мал тоолуулсан. Өнгөрсөн оны 12-р сарын 31-нээс энэ оны 7-р сарын 1 хүртэлх хугацаанд 12 мянган толгой мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна. 6, 7, 8-р сард орсон хур тунадасыг өмнө жилүүдтэй харьцуулахад маш бага, нийт бэлчээрийн 85 хувь гандсан байна. Алтай, Толбо, Булган зэрэг гурван сумын нутагт зуншлага харьцангуй гайгүй боловч зарим газраараа гандуу. Судалгаанаас харахад, аймгийн хэмжээний 13 сумын 99 багаас нэг багийн нутагт л зуд болох эрсдэл маш бага, 43 баг дунд эрсдэлтэй, 54 баг их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Манай аймаг жилд дунджаар 58-64 мянган тн байгалийн хадлан бэлтгэдэг. Хадлангийн гарцаас шалтгаалаад энэ хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсэж байна. Зарим сум өмнөх жилүүдэд бэлтгэж байсан хадлангийнхаа тал хувьтай тэнцэхүйц хэмжээтэй хадлан авах төлөвтэй байгаа. Ингэж тооцвол хамгийн ихдээ манай аймаг 40 мянган тонн байгалийн хадлан бэлтгэж, нийт малын 50 орчим хувийг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай болох нь. Өвлийг хохирол багатай давах туулахын тулд бидэнд 473 мянган тн байгалийн хадлан, 118 мянган тн тэжээл шаардлагатай.
-Үүсээд буй энэ нөхцөл байдалд ямар зохицуулалт хийхэв? Өөр аймгаас хадлан тэжээл бэлтгэх, худалдан авахаар судалж байна уу?
-Бусад аймгийн өвс, тэжээл борлуулах аж ахуйн нэгжүүдийн үнэ ханшны судалгааг гаргаж, аймгийн энэ чиглэлийн ААН-үүдтэй холбох ажлыг зохион байгуулж байна. Манай аймаг 40 мянган тн өвс өөрсдийн хүчээр бэлдэнэ гэж үзвэл 433 мянган тн өвсийг дотоодын зах зээлээс олох шаардлагатай болж байна. Гэтэл энэ их өвсийг дотоодоос хангах боломж хомс учраас ОХУ-ын хөрш зэргэлдээ мужуудаас өвс импортлох талаар мөн ярилцаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын багууд томилогдоод байна. Энэхүү ажлын багууд өвс тэжээл нийлүүлэх, мал мах бэлтгэхтэй холбоотой ажлыг зохион байгуулна.
-Хойд хөршөөс өвс импортлох талаар Та сая ярилаа. Энэ тохиолдолд тээвэрлэлт борлуулалтыг төрийн байгууллага хариуцлах уу, хувийн хэвшил үү?
-Өвс тэжээлийг хилээр оруулж ирэхэд зохицуулалт хийх асуудлаар аймаг орон нутаг, салбарын яамдтай хамтран ажиллана. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга ойрын хугацаанд ОХУ-д ажиллахаар төлөвлөж байна. Биеэр очиж уулзан төрийн байгууллагуудаар нь дамжуулан өвс тэжээл бэлтгэдэг компаниудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах замаар манай хувийн компаниуд өвс тэжээл оруулж ирэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тал дээр ч бид анхаарч байгаа.
-Өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон учраас отор нүүдлийг Та бүхэн бодолцож байгаа байх. Гэтэл хөрш зэргэлдээ аймгуудад маань ч өвөлжилт хүндэрч мэдэх учраас аймаг алгасан оторлох шаардлага урган гарч магадгүй юм?
-Манай аймгийн Булган сумын малчид өвлийн өвөлд хөрш зэргэлдээ Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын нутагт оторлодог. Энэ өвөл ч энэ жишгээр оторлох байх. Гэхдээ зарим мал сүргээ бид тусгай хамгаалалттай болон байгалийн нөөц газар, мөн хилийн зурвас газруудаар оторлуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, мөн ХЗДХЯ, ХХЕГ-т албан тоот хүргүүлэхэд Хил хамгаалах байгууллагаас аль сумын хэнийх гэдэг айл хэдэн толгой малтайгаа оторлох тухай мэдээллээ тодорхой өгвөл өвөлжүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Тусгай хамгаалалттай газруудаас одоогоор хариу өгөөгүй байна. Мөн өвөл бэлчээрлэх боломжгүй алслагдсан газруудад эр болон сувай малаа ялгаж оторлох, тэр тусмаа 11-р сарын дунд үе хүртэл алсын болон зуны зуслангийн бэлчээрт оторлож малдаа тарга тэвээрэг авахуулах, өвөлжилт хүндрэх хүртэл бэлчээрээ нөөцлөх буюу цаг хүндэрмэгц ойрын бэлчээрт малаа хариулах зохицуулалт хийхийг сумдад үүрэг болгосон.
-Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Уулын хадлан бэлтгэх ажил 7-р сарын 25-наас эхлээд дууссан. Гол орчмын хадлангийн ажлыг сумд энэ сарын 5-15-ны хооронд эхлүүлээд явж байна.
-Ер нь Баян-Өлгий аймгийн бэлчээрийн даац хэр байна вэ? Энэ талаарх судалгаа, дүн мэдээ сонирхуулаач.
-Бэлчээрийн боломжийн талаар судалгаа гаргасан. Манай аймаг 3.2 сая га бэлчээртэй. Гэхдээ тухайн жилийн хур тунадасны хэмжээ, бэлчээрийн ургацын байдлаас шалтгаалж хэлбэлздэг. Зарим жилд 2.9 га байсан бол 3.2 сая га-д өвс бэлчээр ургах нь ч бий.
-Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах ажлын баг ямар зохицуулалт хийх вэ?
-Өмнө жилүүдийн дунджаас харахад, зөвхөн аймаг дотроо хүнсэндээ хэрэглэх зориулалтаар 374 мянган толгой мал нядалж, 454 мянган толгой малыг гадаад, дотоодын зах зээлд бэлтгэж нийлүүлдэг. Энэ багцаагаар тооцож үзвэл, Баян-Өлгий аймагт 2.4 сая толгой мал өвөлжинө гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна. Гэхдээ бид үүнээс их хэмжээний малыг нядлах болон зах зээлд борлуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс аймагт үйл ажиллагаа явуулдаг 6 мах боловсруулах үйлдвэрийн удирдлагатай уулзсан. Өдөрт нядлах малын болон мах хадгалах зоорины хүчин чадлыг мөн харгалзан үзэж, энэ өвөл хэдий хэрийн мал махыг зах зээл нийлүүлж болох судалгааг хийж байна. Түүнчлэн сум тус бүрийг малчдынхаа хэдий тооны мал нядлах сонирхолтой байгааг судал гэсэн үүрэг өгсөн.
-Гурил, тэжээлийн импортын татвар тулгамдсан асуудлын нэг болж байна. Өмнөх Засгийн газрын үед импортын татварыг тэглэсэн байсныг эргэж сэргээсэн нь үнийн өсөлтөд нөлөөлж, ард иргэдийг бухимдуулх боллоо. Энэ талаар?
-Саяхан улсын Онцгой комиссын 3-р хуралдаан болж, тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд танилцуулсан. Энэ мэдээлэл дээр импортын татвар буюу гаалийн татварын асуудал яригдахгүй гэсэн учраас, одоогийн мөрдөж байгаа хэвээр үргэлжлүүлнэ. Гэхдээ татвар нэмэх асуудал байхгүй байх.
-За баярлалаа.