Шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 50 гаруй хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Төв цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно. Тус байгууламжийн барилга угсралтын ажлыг энэ онд 85 хувьд хүргэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 50 шахам хувьтай үргэлжилж байна.
Одоогийн Төв цэвэрлэх байгууламжийг 50 гаруй жил өмнө барьсан юм. Харин БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Өмнө нь хоногт 180 мянган шоо метр бохир цэвэрлэж байсан бол одоо шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор хүчин чадал хоногт 250 мянган шоо метр болон нэмэгдэж, ахуйн бохир усыг цэвэршүүлэх юм.
Мөн лагийг
бүрэн боловсруулахаар тооцоолжээ. Одоогоор барилгын матералыг дотоодоос хангаж
байгаа ч импортоор нарийн техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд цаг алдах,
материалын үнэ нэмэгдэх, тээвэр логистик хүндрэх зэрэг эрсдэл тулгарч байсан ч бүтээн
байгуулалтыг төлөвлөсөн хувьд хүргэхээр ажиллаж байна. Хог хаягдал багатай, лагийг
бүрэн цэвэрлэх, автомат ажиллагаатай
байх талаар төслийн багийнхан хэлж байна. Төслийн баг 85 ажилтантайгаас
оргил үеийн нөхцөлд Монголын талаас 600 орчим хүн ажиллаж байна.
Мөн манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин цэвэршүүлж боловсруулан Дулаан цахилгаан станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлэх, баруун эх үүсвэрийг байгуулах төслийн ажлыг эхлээд байгаа. Тодруулбал, 2021 онд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн бол энэ оны 8 дугаар сард Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавьсан юм.
Энэ нь АНУ-ын Мянганы
сорилтын корпорациас Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт
гэрээний санхүүжилтээр “Хаягдал ус
дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд манай улсад барьж байгуулах
хоёр томоохон үйлдвэрийн нэг болох юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монголын Мянганы сорилтын сангийн
санхүүжилтээр доорх төслийн ажлуудыг эхлээд байгаа. Үүнд:
- нийслэл хотын ундны баруун
эх үүсвэрийг барьж байгуулан ашиглалтад оруулах,
- саарал усыг буюу Төв
цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч буй усыг дахин цэвэршүүлж ДЦС-уудын
технологийн хэрэгцээнд ашиглах,
- усны салбарын тогтвортой байдлыг
хангах, зөөлөн дэд бүтцийн менежментийг хэрэгжүүлэх гэсэн гурван чиглэлээр
хэрэгжих юм.
Энд 55 км шугам сүлжээний
ажил, гүнийн 30 худаг гаргана. Мөн ус цэвэршүүлэх байгууламж барьж байгуулах дэд
бүтцийн ажлуудыг хийх юм. Цэвэрлэх байгууламж дахь бохир усыг стандартад
нийцүүлэн цэвэрлэж, байгаль орчинд болон үйлдвэрлэлд ашиглах тул цэвэрлэх
байгууламжид химийн бодис болон их хэмжээний бохирдолтой ус шууд нийлүүлэхгүй
байхыг ААН-үүдэд анхааруулж байна.