МАН-аас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулж Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын удирдлагуудыг оролцуулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, ашигт ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонсчээ. Мөн МАН-аас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд эдийн засагтай холбоотой өгч байсан амлалт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон гэж тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллийн эхэнд онцоллоо.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цааш хэлэхдээ “МАН-ын мөрийн
хөтөлбөр дэх эдийн засаг бүлэг нь 100 гаруй амлалттай. Эдгээр амлалт биелэх үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Тэдгээр амлалтыг хэвлэл
мэдээллийнхэн эрх баригчдаас нэхэж, ард түмэнд хүргэх хэрэгтэй. Түүнчлэн энэхүү
мөрийн хөтөлбөрт Монгол Улсыг өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт бий.
Гэтэл өнөөдөр Монголын Улсын нийт өр 2 дахин, Засгийн газрын өр 2 дахин
нэмэгдсэн. Өмнө нь нэг иргэн 15 сая төгрөгийн өртэй гэгддэг байсан бол өнөөдөр
30 сая төгрөг болсон. Иймд өрийн дарамтгүй улс болгоно гэсэн амлалт хаачив гэж
асуух хэрэгтэй байна.
Газрын тосны үйлдвэр барих төсөл юу болов. 150 мянган ажлын
байр бий болгоно, Баялгийн санд 1 их наяд төгрөг хуримтлуулна
гэсэн амлалт хаана байна вэ. Ирээдүйн өв сангийн мөнгийг барж дуусгасан.
Ирээдүйн өв санд энэ жил орох ёстой байсан 1.5 их наяд төгрөгийг улсын төсвийн
алдагдлыг нөхөхөд зориулж байна. Маш олон амлалт өгснөөс бид зөвхөн гар доорх
амлалтуудаас дурдаж байна” хэмээлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэхдээ "Хөгжлийн
банкны өр зээлийн асуудлыг АН-ын үе рүү чихэж байна. Сая УИХ нээлттэй сонсгол
явуулсан. Хөгжлийн банкныхан нээлттэй сонсголын материалыг өөрсдөө бэлдэж
өгсөн. 2012-2016 онд АН тогтвортой нэг удирдлагатай байсан. Ингэснээрээ өрийн
удирдлагыг хянах боломжтой байсан бол МАН-ын үед таван жилийн хугацаанд таван
дарга солигдсон. Найдваргүй зээлийн хэмжээ МАН-ын үед өссөн. Гэтэл үүнийгээ
нуун дарагдуулж ирлээ. Тиймээс Хөгжлийн банкны өр зээлийг буруутай этгээдүүдээр
төлүүлэх хэрэгтэй" гэв.