COP27: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүдийн хэрэгжилтэд анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Шарм Эль-Шейх /МОНЦАМЭ/. Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо 11 дүгээр сарын 7-нд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт, оролцогч талуудын 27 дугаар бага хурал (COP27) үргэлжилж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэхүү бага хурал 1995 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд хоёр долоо хоног үргэлжилж оролцогч талуудад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүнийг дагаж үүсдэг хямрал, эдийн засгийн хохирол зэрэг өргөн сэдвээр хэлэлцэх чухал орон зайг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төслүүдийг санхүүжүүлэх, ярьж хуралдахаас илүүтэй хэрэгжилтийг чухалчлах зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттереш чуулганы индрээс хэлсэн үгэндээ, хүн төрөлхтөн 8 тэрбум болж байна. Тиймээс эх дэлхийгээ хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд зүгээр амлаад өнгөрдөг бус хэрэгжилтийг шаарддаг, хэрэгжүүлснээ хэлэлцдэг байх нь чухал болоод буйг онцоллоо. Мөн тэрбээр, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшгийн давтамж жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, АНУ-ыг "Иан" хар салхи дайран өнгөрч, Пакистан улсын гуравны нэг нь үерт автсан бол Европт сүүлийн 500 жилийн хамгийн халуун зун болсон зэргийг дурдаж болно. Тиймээс энэ жилийн чуулганы гол асуудал нь дасан зохицох төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх асуудлаар ахиц гаргах хэрэгтэй хэмээн төр засгийн тэргүүнүүдэд сануулсан юм.
Талуудын бага хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр:
-Уур амьсгалын өөрчлөлтөөс гарсан хор уршиг, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлыг барагдуулах үйл ажиллагаанд мөнгөө зарцуулах ёстой гэж өмнө нь ярьдаг байсан бол энэ жилийн бага хурлаар дасан зохицох буюу байгаль хамгаалах ногоон хөгжлийнхөө бодлогын чиглэлд хөрөнгө мөнгөө зарцуулъя. Нийт хөрөнгийнхөө гуравны хоёрыг дасан зохицох арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй юм гэсэн шинэлэг асуудлыг хөндөж байна гэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү бага хурлын үйл ажиллагааны талаар дүгнэж хэлэхдээ “Санхүүжилтийг эрх тэгш, үр ашигтай, нээлттэй хуваарилах асуудлыг энэ удаагийн хурлаар албан ёсоор хэлэлцэх сэдвийн нэг болгосон нь өмнөх жилүүдийн хурлуудаас онцлог харагдуулж байна” хэмээлээ.
Бага хуралд оролцож буй Монгол Улсын төлөөлөгч М.Гарьд “Одооноос бид илүү идэвхтэй, үр дүнтэй ажиллах ёстой. Хүүхэд залуус бие биедээ мэдлэг түгээдэг, шийдвэр гаргагч нарт дуу хоолойгоо хүргэдэг, бодит оролцоог дэмждэг байх ёстой гэж харж байна. Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл маш их бий. Агаарын бохирдол, ган зуд гэх мэтэд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох эрх хамгаас их зөрчигддөг. Тиймээс шийдвэр гаргагчид хүүхдийн дуу хоолойг хамгийн түрүүнд анхааралтай сонсох ёстой гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын төлөөлөгч Э.Ундрал “Бид уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьдаг ч хүүхэд залуус маань уур амьсгалын өөрчлөлт гэдгээ бүрэн дүүрэн мэддэг бил үү. Ерөнхий боловсролын сургуулиуд, боловсролын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар наад захын мэдлэгийг олгож чаддаг уу гэдэг ч ихээхэн эргэлзээтэй. Дээр нь энэхүү чуулганаас харахад уур амьсгалын өөрчлөлтөд оролцож буй манай улсын залуучуудын оролцоо хангалтгүй юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Тиймээс цаашид хүүхэд залуусын оролцоог энэ чиглэлд хангах тал дээр илүү их анхаарч ажиллахыг хүсч байна” хэмээн ярилаа.
Монгол Улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйд шилжих, бэлчээрийн зохистой харьцааг барих, нэг тэрбумаар тоологдох мод тарьж, хөрсөө хамгаалах зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Ингэхдээ хөрш зэргэлдээ болон бүс нутгийн улс орнуудтай хамтарч, ногоон санхүүжилтийг ашиглан, тулгамдаж буй асуудлуудыг шийдэж, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн нөхцлөө ч давхар дэмжих төслүүдэд илүү анхаарал хандуулж байгаа юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах үүрэг хүлээж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон төслүүдийг хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулж байна.
Т.Энхтуяа